Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсөвт тодотгол хийх эсэх асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсөвт тодотгол хийх эсэх асуудлыг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн /2023.05.30/ хуралдаанаараа 2023 оны төсвийн тодотгол хийх эсэх, хийсэн тохиолдолд цалин тэтгэврийг хэдий хэмжээтэй нэмэх тухайд хийсэн Засгийн газрын саналыг сонссон. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Засгийн газрын төсөвт тодотгол хийх саналыг бүлгийн хуралдаанд танилцууллаа. Бүлгийн зүгээс эл асуудлыг үндсэндээ дэмжсэн. Иймд Засгийн газрын маргаашийн хуралдаанаар эцэслэн хэлэлцээд, УИХ-д асуудлыг өргөн барина. 

МАН-ын бүлэг хэд хэдэн зарчмын асуудлыг дэмжихээ илэрхийлсэн. Нэгдүгээрт, хүүхдийн мөнгийг нэгдүгээр сараас хойш хасагдсан бүх хүүхдэд нөхөж олгохоор тогтсон. Хоёрдугаарт, цалин тэтгэврийг зөрүүг цэгцэлнэ. Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалинг үе шаттай, тэтгэврийг тэгшитгэж нэмэхээр боллоо. Үүнд 1.3 их наяд төгрөгийг эх үүсвэр шаардагдах юм. Одоогийн байдлаар, үүсээд буй эдийн засгийн нааштай нөхцөл бололцоонд тулгуурлан эдгээр асуудлыг шийдвэрлэнэ. 

Мөн зорилтот халамжийн чиглэлд буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдгээрийн асран хамгаалагчдад олгодог 288 мянган төгрөгийн халамжийг 325 мянган төгрөг болгоно. Эхчүүдэд очдог сувилгаа асаргааны 83 мянган төгрөгийн тэтгэмж 255 мянган төгрөг болох юм. Үүнд 90 тэрбум төгрөгийн тодотгол хийгдэнэ" гэсэн. 

Энэ дагуу Засгийн газрын өнөөдрийн /2023.05.31/ ээлжит хуралдаанаар төсвийн тодотгол хийх асуудлыг эцэслэн хэлэлцээд УИХ-д өргөн барих эсэхийг шийдвэрлэх нь. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө