Баримт: ХААДС-д Гацууртын Л.Чинбат 1.1 тэрбум, Алтай констракшны Х.Бат-Эрдэнэ 57 саяын өртэй байна

Баримт: ХААДС-д Гацууртын Л.Чинбат 1.1 тэрбум, Алтай констракшны Х.Бат-Эрдэнэ 57 саяын өртэй байна

Isee.mn мэдээллийн сайт Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад эргүүлэн төлөөгүй улстөрчид болон бусад албан тушаалтнуудын мэдээллийг баримтаар хүргэсээр байна. Бид өмнөх дугаартаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хотын дарга асан С.Батболд, УИХ-ын гишүүн асан О.Содбилэг, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Т.Аубакир, АН-ын дарга Л.Гантөмөр нарын хамаарал бүх аж, ахуй нэгж тус сангаас зээл авсан ч эргүүлэн төлөөгүй баримтыг хүргэсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж унших.

Тэгвэл энэ удаа Хөдөө аж ахуйг дэмжих санд өртэй Монголын томоохон бизнесмэнүүдийн мэдээллийг хүргэж байна.

-Л.ЧИНБАТ ХОЁР Ч АЖ, АХУЙ НЭГЖЭЭРЭЭ ЗЭЭЛ АВЧЭЭ-

Тухайлбал, Гацуурт ХХК-ны захирал Л.Чинбатын 67 хувийг эзэмшдэг Мөнх улз ХХК Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2001 онд 307 сая 800 мянган төгрөг, 2011 онд 120 сая 858 мянга, 2015 онд 313 сая 670 мянга, 2018 онд 596 сая 420 мянган төгрөгийг тус, тус зээлжээ. Үүнд БНХАУ-ын Засгийн газрын зээл, улсын төсвийн хөрөнгө, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж зэрэг багтсан байна.

Гэвч тус компани  нь өнөөдрийн байдлаар нийт 1 тэрбум 76 сая 356 мянган төгрөгийн өртэй байна. Эдгээр зээлийг авахад Хөдөө аж ахуйг дэмжих санд ажилладаг С.Нарантунгалаг нөлөөлсөн байх магадлалтай байна. Учир нь тэрбээр Л.Чинбаттай хамтран Мөнх улз ХХК-ийн 33 хувийг эзэмшдэг Ж.Дашдэмбэрэлийн бэр дүү нь аж.

Тус санд өртэй Л.Чинбатын бас нэг аж, ахуй нэгж байгаа нь Их тариалан ХХК. Тус компанийн захирлаар Л.Чинбат ажилладаг бөгөөд тус санд 57 сая 353 мянган төгрөгийн өртэй байна.

-МАХН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Э.ЭРДЭНЭЖАМЪЯАНЫ ААВЫН КОМПАНИ 130 САЯ ТӨГРӨГИЙГ ТӨЛӨӨГҮЙ БАЙНА-

Мөн Алтай констракшн ХХК-ийн Х.Бат-Эрдэнийн 100 хувь эзэмшдэг Алтай групп Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 341 сая 945 мянган төгрөгийг зээлээд эргүүлэн төлөөгүй байна.

Дээрх бизнесмэнүүдээс гадна Хууль зүй дотоод хэргийн дэд сайд, МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъяаны  аав Н.Эрдэнэбилэгийн захирлаар ажилладаг Мүкү ХХК 130 сая 466 мянган төгрөгийн өртэй байна. Тус компани нь 2015 онд 72 сая төгрөг, 2017 онд 18 сая, 2022 онд 66 сая төгрөгийн тус, тус зээлжээ. Тэд зээлээ 2022 он гэхэд төлөөд дууссан байх ёстой байжээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө