МАН-ЫН БҮЛЭГ: ҮХӨ-ийг хэлэлцэж дуусгах нь зөв гэж үзсэн. Ингэхдээ 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаас сонгох нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ

МАН-ЫН БҮЛЭГ: ҮХӨ-ийг хэлэлцэж дуусгах нь зөв гэж үзсэн. Ингэхдээ 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаас сонгох нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.05.30/ ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлыг танилцууллаа. Тухайлбал, өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүн болон 2023 оны төсөвт тодотгол хийж цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг хэлэлцсэн байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн  асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үр дүнг иргэдэд танилцуулсан. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн тоог нэмж 126 болгохоор тогтсон. Үүнийг гуравдугаар хэлэлцүүлэгт дэмжихээр тогтлоо. Ингэхдээ 78 гишүүнийг мажоритар хувилбараар, 48 гишүүнийг жагсаалтаар сонгох нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Өнөөдөр, маргаашийн байнгын хороо болон чуулганы хуралдаанд энэ байр, сууриа хадгалж орох бөгөөд Үндсэн хуулийн өөрчлөлтийг шийдвэрлэж дуусах нь  зөв гэж үзсэн” гэлээ.

Харин Цалин тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газраас  2023 оны төсөвт тодотгол хийх саналаа бэлтгээд намын бүлэгтээ танилцууллаа. Бүлгээс дэмжлээ. Маргааш Засгийн газрын хуралдаанаар тоонуудаа эцэслэж хэлэлцээд УИХ-д өргөн барина. Төсөвт тодотгол хийж хэдэн, хэдэн шийдвэр гаргана. Тухайлбал, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоос гадна өнгөрсөн нэгдүгээс сараас хойшхи мөнгийг нь нөхөж өгнө. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх чиглэлийг тогтоолоо. Гэхдээ хавтгайруулан нэмэх бус суурь цалин, тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулна. Үүнд нийт 1.3 их наяд орчмын хөрөнгө шаардлагатай” гэлээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын доод цалин 565 мянган төгрөг байна. Долдугаар сарын 01-ны өдрөөс 750 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Мөн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг нэгтгээд төрийн мэргэжлийн үйлчилгээ гэсэн ангилал, зэрэглэлд оруулж байна. Ингэснээр төрийн үйлчилгээ, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарынханд ангилал, зэрэглэлийн ялгаатай байдал бий болохгүй. Үүнээс үүдээд цалингийн зөрүүтэй байдал арилж байгаа юм. Мөн аравдугаар сарын 01-ны өдрөөс төрийн захиргааны алба хаагчдын суурь цалинг нэг сая төгрөгт хүргэнэ. Төрийн тусгай албан хаагчид буюу цагдаа, дотоод цэргийн цалинг тэгшитгээд нэг сая төгрөгт хүргэж байна. 2014 тэтгэврийн итгэлцүүрийг шинэчилсэн юм билээ. Үүнээс хойш есөн жилийн хугацаанд итгэлцүүрийг шинэчлээгүй. Тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлийг шийдвэрлэнэ" гэсэн юм. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө