С.Бямбацогт: Дарханы замын 50 хувийг таван жил барьсан одоо үлдсэн 50 хувийг нь нэг жилд багтаан барьж ашиглалтад оруулна

С.Бямбацогт: Дарханы замын 50 хувийг таван жил барьсан одоо үлдсэн 50 хувийг нь нэг жилд багтаан барьж ашиглалтад оруулна

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы зам хэдэн хувийн хоцрогдолтой явж байгаа талаар асууж, хариултыг Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт өгөв.

Тэрбээр “Дарханы замын бүтээн байгуулалтын ажил эхлээд зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Хойд чиглэлийн аймгууд таван жил шороон замаар бүх ачаагаа тээвэрлэж зүдэрсэн. Өнгөрсөн жил засмал тавих ажлын 50 хувь нь дууссан. Ингээд шороон замаар ард иргэд зорчихоо больсон. Энэ жил бид үлдсэн 50 хувийг нь хийнэ.

Өөрөөр хэлбэл таван жилийн хугацаанд 50 хувийг нь хийсэн. Үлдсэн нэг жилийн хугацаанд 50 хувийг нь хийнэ. Энэ намар ашиглалтад оруулахаар төлөвлөж ажлын хэсэг өдөр шөнөгүй газар дээр нь ажиллаж байгаа.

Эхнээс нь гүйцэтгэх шалгарсан компаниуд ажлаа хариуцлагатай хийж чадахгүй байгаа. Үүнээс болж яам ажлын явцтай зууралдаж талбай дээр талбайн ажил хийгээд зогсдог болсон. Дэд сайдаар ахлуулсан баг ажиллаж байна. Одоо ямартай ч зүтгэж байна. Энэ ондоо Дарханы замын ажлыг 100 хувь дуусгахаар ажиллаж байна. Одоогоор ажил цалгардсан, тасалдсан зүйл байхгүй.

Гэхдээ зарим нэг компани буюу тухайлбал “Чайна жо инженер" гэдэг хятадын компани байдаг. Энэ компани өмнө нь Дорнодын тамын тавь гэх алдартай маш олон хүний амь насыг авсан замыг хийсэн. Тэр замыг бид дахин хийх гэж байгаа. Ийм компани шалгарсан. Шалгарсан ч ажлаа бас хангалттай сайн хийхгүй байгаа. Өмнөх ажлаа дуусаагүй байж дахин Тавантолгойн зам дээр очоод зам барина гээд явж байна. Ийм компаниудыг өөгшүүлж ажил өгмөөргүй байна.

Тиймээс энэ компани дээр ажил удааширч магадгүй байгаа. Бид энэ дээр анхаарч ажиллаж байна. Энэ л саатахгүй бол бусад гүйцэтгэгч компаниуд харьцангуй гайгүй явах байх. Мөн ард иргэд маань хурдаа хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Уг замын ажил дээр Б.Жавхлан сайд болон яамныхан анхаарч эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна” гэлээ.

ҮЗЭХ: