ВИДЕО: Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайханы "Тэнгэрийн шонхор" ХХК-ийн бариулсан орон сууцнууд "зэвэрдэг материалаар хийгдсэн шугам хоолой" тавьсан нь тогтоогджээ

ВИДЕО: Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайханы "Тэнгэрийн шонхор" ХХК-ийн бариулсан орон сууцнууд "зэвэрдэг материалаар хийгдсэн шугам хоолой" тавьсан нь тогтоогджээ

Сүүлийн үед Улаанбаатар хотод баригдсан зарим орон сууцны хорооллуудын хэрэглээний ус маш их зэвтэй гарах болсон нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аюултай нөхцөл байдал үүсэх хэмжээнд хүрснийг мэргэжлийн байгууллагаас тогтоожээ. 

ВИДЕО: 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 мянга гаруй хүн амьдардаг “Ханбогд” хороолол, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 20-иод хороолол, хотхоны халуун, хүйтэн ус зэвтэй байгаа шалтгааныг мэргэжлийн байгууллагаас олж тогтоосон байна. Шинжлэх ухааны акедемийн Хими, химийн технологийн  хүрээлэнгийн орон сууцны хорооллын  ус дамжуулах хоолой, хоолойд үүссэн зэвэнд хийсэн шинжилгээгээр Яармагийн ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүргэх үед манган, төмөр, цайрын агуулга нэмэгдэж байгаа нь түүнийг дамжуулж буй шугам хоолойноос хамааралтай байна гэх дүгнэлт гарсан байна. 

Ундны ус дамжуулах стандартын шаардлага хангаагүй, зэвэрдэг хоолойгоор хийгдсэн тус шугам хоолойн 2,7 км-ыг "Пума констракшн" ХХК, "Пи Ай Эм Эм" ХХК компани хамтран барьсан бол 2,1 км шугмыг "Ар Ий Си" ХХК тавьжээ.

Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гарсан Ажлын хэсгээс тухайн компаниудад "Хороолол хотхоны гадна ус дамжуулах шугам, доторхи тоноглолыг  стандартад нийцүүлэн барилга барьсан болон ашиглагч компаниудтай хамтран солих, шугамыг шинэчлэх"-ийг үүрэг болгосон байна. Гэвч тухайн компаниуд нь өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй, эл асуудлыг үл тооморлосоор байгаа аж. 

Иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй уг нөхцөл байдлыг үүсгэсэн асуудлыг Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Харин оршин суугчид "Зэвтэй усны асуудал шийдэгдэхгүй олон жил болж байна. Ус нь маш их зэвтэй гардаг учир ундны усаа худалдаж авдаг. Хэрэглээний усыг унданд хэрэглэх нь бүү хэл, ахуйн хэрэглээнд ч хэрэглэхэд хүнд байдаг. Шаардлага хангахгүй шугам хоолой тавьсан, барилга захиалж бариулсан компаниудад хариуцлага тооцож, шугам хоолойг нь нэн яаралтай солиулах хэрэгтэй. Ус гэдэг бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал. Тиймээс үүнийг тав, зургаан мянган хүний асуудал гэж харахгүй байх нь чухал" гэдгийг онцолсон.    

-"ХАНБОГД" ХОРООЛЛЫГ Т.МӨНХСАЙХАНЫ КОМПАНИ ЗАХИАЛЖ БАРИУЛСАН БОЛ “АРЦАТ” ХОТХОНЫГ ТҮҮНИЙ "ТЭНГЭРИЙН ШОНХОР" ХХК БАРЬЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ-

Орон сууцны хороолол, хотхоны “зэвтэй ус”-ыг шийдвэрлэх талаар Засгийн газрын 11-11 төвд  өдөрт 10-20 орчим гомдол ирдэг аж. Уг гомдлын 50 хувь нь "Ханбогд" хорооллын иргэдээс ирдэг гэдгийг албаны хүн тодотгож байгаа юм. Тэгвэл тус хорооллын захиалагч нь Эрүүл мэндийн сайд асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайханы компани аж. 

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайханы "Тэнгэрийн шонхор" ХХК нь дээрх хорооллыг захиалж бариулжээ. Мөн зэвтэй усны асуудалтай “Арцат” хотхон зарим барилгыг Т.Мөнхсайханы "Тэнгэрийн шонхор" ХХК барьж гүйцэтгэсэн байна. 

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан эрхэмийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хүртэл тусгасан компани нь ийнхүү иргэдийн эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсэх хэмжээнд хүрсэн орон сууцны хороолыг захиалж, барьж босгосон байгаа нь ноцтой юм. Тэгвэл ямар учраас ийнхүү зэвэрдэг материалаар хийсэн шугам хоолой тавив, үүнийг нь ямар албан тушаалтан хүлээж авав, хил гаалиар дээрх шугам хоолойг яагаад чөлөөтэй нэвтрүүлэв гэдэг асуултын хариултыг бид дараагийн дугаартай хөндөх болно.