БАРИМТ: УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон Су.Батболд, О.Содбилэг нарын хамаарал бүхий компани ХААДС-аас зээл авсан ч нийт НЭГ ТЭРБУМ төгрөгийг эргүүлэн төлөөгүй байна

БАРИМТ: УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон Су.Батболд, О.Содбилэг нарын хамаарал бүхий компани ХААДС-аас зээл авсан ч нийт НЭГ ТЭРБУМ төгрөгийг эргүүлэн төлөөгүй байна

Isee.mn мэдээллийн сайт Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад эргүүлэн төлөөгүй улстөрчид болон бусад албан тушаалтнуудын мэдээллийг баримтаар хүргэсээр байна. Бид өмнөх дугаартаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн А.Сүхбат мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн тус сангаас зээл авсан ч эргүүлэн төлөөгүй тухай мэдээллийг хүргэсэн. ЭНД дарж унших.

-УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ АТАР ЧАНДГАНА ХХК ХААДС-Д 184 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ БАЙНА-

Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн О.Содбилэг, УИХ-ын гишүүн, Хотын дарга асан Сундуйн Батболд нарын Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад эргүүлэн төлөөгүй мэдээллийг хүргэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн 14 хувийг эзэмшдэг “Атар чандгана сүү” ХХК нь тус сангаас 2015 онд 307.242.000 төгрөг, 2011 онд 111.156.024 сая төгрөгийг тус, тус зээлсэн байна. Тус компани нь зээлээ 2020 он буюу гурван жилийн өмнө төлөөд дууссан байх ёстой ч өнөөдрийн байдлаар 184 сая 363  төгрөгийн өртэй байна. Тус компани мөнгөн хэлбэрээс гадна БНХАУ-ын Засгийн газрын зээлд хамрагдан техник хэрэгсэл авчээ.

Баримтыг shilen.gov.mn сайтаас авав.

 

-ХОТЫН ДАРГА АСАН С.БАТБОЛДЫН ХҮҮГИЙН НАЙЗ БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГИЙН ЭХНЭРИЙН КОМПАНИ НИЙЛЭЭД ХААДС-НД 900 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ-

Цаашлаад УИХ-ын гишүүн, Хотын даргаар ажиллаж байсан С.Батболдын холбоо бүхий хүмүүсийн хоёр ч аж, ахуй нэгж Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан ч эргүүлэн төлөөгүй байна. Тухайлбал, Мааньт агро ХХК 2021 онд тус сангаар дамжуулан БНХАУ-ын Засгийн газрын зээлд хамрагдан 663 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн зээл аваад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байгаа

Мааньт агро ХХК-ийн захирал Г.Болор-Эрдэнэ нь С.Батболдын хүү Б.Төрболдтой “Эф Эс Өү Эс” банк бус санхүүгийн байгууллагыг хамтран эзэмшдэг байна.Мааньт агро ХХК нь 2027 онд зээлээ бүрэн төлж барагдуулсан байх ёстой ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг ч төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгээгүй нь чанаргүй зээлдэгч ангилалд оруулжээ.

Цаашлаад С.Батболдын эхнэр Г.Даваажаргалын захирлаар нь ажилладаг Би Ти Эм Ди ХХК нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 127 сая 209 мянган төгрөгийг мөн зээлж байжээ.

Баримтыг shilen.gov.mn сайтаас авав.

Цаашлаад УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийн эхнэр Э.Туулын 100 хувь эзэмшдэг Ажигана ХХК нь 2017 онд тус сангаас 219 сая 396 мянган төгрөгийн зээл авсан байна.

Тэд зээлээ 2017 онд төлж дуусгах ёстой ч өнөөдрийн байдлаар 121 сая 006 мянгөн төгрөгийг төлж барагдуулаагүй өртэй ангилалд байна.

Баримтыг Shilen.gov.mn сайтаас авав.

Сануулахад, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нийт 1697 аж, ахуй нэгж, 2496 иргэн, 91 төрийн бус байгууллага, 184 төрийн байгууллага нийт 207 тэрбум төгрөгийн зээл авснаас өнөөдрийн байдлаар 80 гаруй хувь буюу 169 тэрбум нь төлөгдөөгүй байна.  

Баримт үргэлжилнэ...