Монгол Улс Казахстан улс руу мах махан бүтээгдэхүүн экспортолж, эрт болцтой ганд тэсвэртэй үр тариаг Монголд тариална

Монгол Улс Казахстан улс руу мах махан бүтээгдэхүүн экспортолж, эрт болцтой ганд тэсвэртэй үр тариаг Монголд тариална

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын IX хуралдаан 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагджээ.

Энэхүү хурлыг Монгол Улсын Сангийн сайд, комиссын Монголын хэсгийн дарга Б.Жавхлан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд, комиссын казахстаны хэсгийн дарга Д.Кыдырали нар ахалж оролцсон байна.

 

Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2023-2025 онд эрчимжүүлэх замын зураглалыг байгуулахаар болжээ.

Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Казахстаны эрт болцтой, ганд тэсвэртэй үр тарианы сортуудыг Монгол Улсад турших, Монгол Улсаас Казахстан Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Казахстан Улсаас “казахын цагаан толгойт” үүлдрийн үхрийг Монгол Улсад нийлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болов. 

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Казахстан Улсын  “Хоёр тэрбум мод” тарих хоёр улсын санаачилгыг уялдуулан мод үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцохоор тохиролцжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох болгон” жил болгон зарласантай холбогдуулан хоёр улсын хоорондын шууд нислэг, харилцан визгүй зорчих давуу талыг үр бүтээлтэй ашиглан аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр болов.

Мөн хоёр улсын хооронд аялал жуулчлалын урсгалыг харилцан нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, аялал жуулчлалын олон улсын хамтарсан арга хэмжээнд оролцох, эко болон угсаатан зүйн аялал жуулчлалын чиглэлээр мэдээлэл, туршлага солилцохоор тохиров.

Түүнчлэн хоёр улсын бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэх хүрээнд Монгол, Казахстаны Ажил хэргийн зөвлөл байгуулах, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар болжээ.

Хуралдааны хүрээнд хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Казакстан Улсын Экологи, байгалийн баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үзэг зуржээ ээлжит Засгийн газар хоорондын комиссын X хуралдааныг 2025 онд Астана хотноо зохион байгуулахаар тогтсон байна.