Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзаж, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзаж, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзаж эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.

Ким Жин Пё Үндэсний ассамблэйн үйл ажиллагааны үеэр өгсөн ярилцлагадаа, “Монгол Улс газрын ховор элемент, ашигт малтмалын нөөцөөр арвин улс. Энэ нь Солонгос улсын аж үйлдвэрийн салбарт давуу талтай учир хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж, тогтвортой байдлыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийнхээ хугацаанд гурван удаа Солонгос, Монголын дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан хүчин чармайлтын үр дүнд хоёр улс стратегийн түншлэлийн харилцаа холбоотой болж, хамтын ажиллагаа хөгжих боломж бүрдсэн” гэжээ.

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Орос, Хятад хоёрын хооронд ардчилалд хүрсэн цорын ганц орон бол Монгол улс. Үүнд Солонгосын дэмжлэг их чухал байсан. Маш их талархаж байна” гэжээ.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь цаазын ялын эсрэг олон улсын хорооны гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд 1997 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй Өмнөд Солонгос улсыг цаазын ялыг хуулиар хориглоно гэдэгт найдаж байна гэснийг Солонгосын yonhab.news мэдээллийн сайт онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Yonhab.news