"Малын индексжүүлсэн даатгал"-д хамрагдсан малчин 500 малаа шуурганд алдсан ч, түүнд тохиолдсон хохирол сумын нийт малын 6 хувьд хүрээгүй "нөхөн олговор" өгөхгүй гэжээ

"Малын индексжүүлсэн даатгал"-д хамрагдсан малчин 500 малаа шуурганд алдсан ч, түүнд тохиолдсон хохирол сумын нийт малын 6 хувьд хүрээгүй "нөхөн олговор" өгөхгүй гэжээ

Өвлийг өнөтэй давж, хаврыг арай хийн барж тамираа тасартал зуныг хүлээсэн малчид өдгөө малынхаа сэг зэмийг хаана аваачиж хаяхаа мэдэхээ больсон хүндхэн зуны эхэн сартай золгов. Ногоорох бут, сэрвэлзэх өвч ч үгүй монголын говийн хаа нэг дайралдах нутагт нүүдэл хийе гэхэд зорьж очих газар үгүй, нутагтаа сууя гэхэд нэг өдөр ч аргацаах малын бэлчээргүй. Мөн мал сүрэг нь нүүдлийн ая даах тамиргүйн улмаас нутгаасаа 200 мал 2 сая таван зуун мянган төгрөгөөр ачуулж хүний нутаг зорихоор сууж буй нэгэн малчин өрхтэй бид холбогдож нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

Тус айлын эзнийг Д.Отгонбаатар гэдэг. 40 жил мал маллаж буй.  Д.Отгонбаатарынх Дундговь аймгийн Өлзийт сумын тавдугаар багийн Хацавч гэх газарт нутагладаг. Тус айл мал сүрэгтэй тамир тэнхээ оруулахаар хоёрдугаар сараас эхлэн малаа  тэжээж эхэлсэн байна. Ингэхдээ 14 хоногийн өвс тэжээлийг хоёр сая төгрөгөөр худалдан авч арайхийж хаврыг давсан ч зун болоогүй учир тамиргүй болсон мал сүрэг бэлчээрлэх газаргүй, идэх бороггүй болж нэг сард 200-гаар  хорогджээ. Мөн саяхан болсон шороон шуурганы улмаас гурван өдөрт 90 гаруй төл,  300-аад бага мал үхжээ. Энэ бүсийн айлууд мөн мал нь үхэж бороо хүлээж арга барагдаад 200 малаа 2 сая таван зуун мянган төгрөгөөр ачуулж хүний нутаг бараадсаар өдгөө тус нутагт Д.Отгонбаатарынх хөрш айлын хамт үлдээд буй. Арга барагдсан тэд мөн маргааш малаа ачуулахаар унаа хөлсөлсөн гэх.

10,20 жилийн хөдөлмөрөө байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас алдаж буй малчидтай сэтгэл шимшрүүлэм яриа өрнүүлэх үед гайхширал төрүүлсэн зүйл нь “Даатгал” байв.

-Малаа даатгуулсан биз дээ. Мал нь олноор хорогдож байгаатай холбогдуулан даатгалаас нөхөн олговор олгов уу?

-Малын индексжүүлсэн даатгалаар даатгуулсан. Гэхдээ хаврын мал тооллогын дараа нийт сумын малын тоо толгойн ангиллаас хамаарч нийт малын 6 хувь үхээгүй л бол даатгалаас бидэнд ямар ч нөхөн олговор өгөхгүй. Өмнө нь яах уу арай баг малын гарлагатай жилийг даваад зүгээр л байдаг байсан. Харин одоогоор бол малынхаа ихэнхийг алдаж хүний нутаг зорьж, буух бууцгүй тал бараадах, хэдэн малынхаа сэгийг буулгах эсэхээ мэдэхгүй байх хүнд үед бүх айлын мал хорогдоогүй л бол бидэнд нэг төгрөгийн ч нэмэргүй байна гэдэг хэцүү л юм.

-Танайх малаа хэдэн төгрөгөөр даатгуулав?

-Янз бүр л байгаа. Ямаа гэхэд 100 ямааг 120-300 мянган төгрөгийн хооронд даатгуулдаг. Боломждоо тааруулаад байгаагаа л өгдөг дөө.

-Даатгал хийлгэхгүй байж болох байсан уу. Эсвэл заавал хамрагдах шаардлагатай гэх зүйл байв уу?

-Анх индексжүүлсэн даатгал гэж гарч ирэхдээ л заавал даатгуул гээд даатгуулж байсан.

-Малаа даатгуулаад хэдэн жил болсон бэ?

-Сайн санахгүй л байна. Ер нь мөнгөтэй л байгаа бол даатгалын мөнгө өө жил бүр өгөөд л явдаг.

-Даатгал төлж буй хугацаандаа нөхөн олговор авч үзсэн үү?

-Нэг удаа ч авч үзээгүй ээ.

“Малын индексжүүлсэн даатгал” улсын хуулиар зохицуулагддаг. Ингэхдээ малчид малдаа индексжүүлсэн даатгал хийлгэсэн ч тус айлын малын хорогдлоор бус хаврын эцсийн мал тооллогын нийт тоон дүнг авч үзнэ. Ингээд ямар даатгал байхаас хамаарч сумын нийт ямаа, хонь, үхэр, морь, тэмээний 6-10 хувь нь хоргодсон тохиолдолд малчдын төлсөн даатгалын дүнгээс хамаарч нөхөн олговор олгох аж. Өөрөөр хэлбэл сум нийтээр гамшигт өртөөгүй бол нэг айлын бүх мал зуд болон хулгай зэргээр үхсэн тохиолдолд тус өрх 1 хувийн ч нөхөн олговор авдаггүй байна.

Тус хуульд, МИД-ын хуулийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ харна уу. 

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

  • 1.1.Энэ хуулийн зорилт нь малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, төрөөс тавих хяналт, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр төлөх, малын давхар даатгал, даатгагч болон даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

10 дугаар зүйл. Даатгалын тохиолдол

  • 10.1.Энэ хуулийн 6.3-т заасны дагуу нийтэд мэдээлсэн сумын малын хорогдол Засгийн газраас тогтоосон нэгдүгээр босго үзүүлэлтээс давсан бол даатгалын тохиолдол бий болсон гэж үзнэ.
  • 10.2.Гоц халдварт өвчний улмаас устгасан малын хорогдол даатгалын тохиолдолд үл хамаарна.

15 дугаар зүйл.Даатгуулагчийн эрх, үүрэг

  • 15.1.Даатгуулагч дараах эрх эдэлнэ:
  • 15.1.1.малын төрлөө сонгон даатгуулах;
  • 15.1.2.малын төрөл тус бүрт даатгалын үнэлгээг сонгох, даатгалын тохиолдол үүсэхэд нөхөн төлбөрөө тогтоосон хугацаанд бүрэн авах;
  • 15.1.3.даатгалын хураамжийг даатгалын гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх.
  • 15.2.Даатгуулагч даатгуулах малын төрөл, тоогоо үнэн зөв мэдээлэх үүрэгтэй.

17 дугаар зүйл.Засгийн газрын эрх, үүрэг

  • 17.1.Засгийн газар давхар даатгалын компанийн үүсгэн байгуулагч байна.
  • 17.2.Засгийн газар давхар даатгалын компанийг үүсгэн байгуулахад төрөөс оруулах хувь нийлүүлсэн хөрөнгө болон Алдагдлаас хамгаалах санг бүрдүүлнэ.

Гэхчлэн малчдын хувьд зөвхөн өгөх тогтолцоон дээр суурилсан олон заалттай. Мөн "Малын индексжүүлсэн даатгал нь үндэсний хэмжээний гамшгаас хамгаалах зорилготой" хэмээсэн сурталчилж буй ч өнөөдөр малчдын амьдралд хөрсөн дээрээ буусан зүйл нэгээхэн ч алга.

Гэтэл өнгөрсөн гуравдугаар сард Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант нэгэн ярилцлагын үеэр “МИД бол манай улсын нийгэм эдийн засагт ихээхэн чухал чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн. Улс орон бүр өөрсдийгөө үндэсний хэмжээнд тохиолдож болох байгалийн гамшигт үзэгдлүүдээс хамгаалдаг тогтолцоотой. МИД манай улсын хувьд гамшгийн эрсдэлийн тогтолцооны эхлэл болсон бүтээгдэхүүн гэж хэлж болно. Манай улс 188 мянган малчин өрхтэй. Ган зуд зэрэг байгалийн гамшиг тохиоход 188 мянган өрх эрсдэлд өртдөг гэсэн үг. Байгалийн гамшиг тохиож мал сүрэг хорогдоход ядуурал нэмэгдэж, хот руу чиглэсэн нүүдэл нэмэгдэх зэрэг олон сөрөг үзэгдлүүд дагадаг. 2001-2002 оны зуд нүүрлэж, НҮБ-ын төлөөлөгчид ирж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зудыг байгалийн гамшигт үзэгдэл гэж бүртгэж авсан. Үүний үр дүнд нь энэ гамшигт үзэгдлээс үндэстнийг хамгаалах тогтолцоо бий болгох олон улсын төсөл хөтөлбөрүүд эхэлсэн. Ингээд Дэлхийн банкны санхүүжилтээр 2006 оноос МИД төсөл эхэлж, 2014 оныг дуустал амжилттай хэрэгжиж, 21 аймгийг хамарсан МИД-ын тогтолцоог бий болгож чадсан. Улмаар 2014 онд МИД-ын хууль батлагдаж, одоогийн Үндэсний давхар даатгал ХК, тухайн үеийн Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийг байгуулагдсан түүхтэй. Өнөөдөр бид 13.6 тэрбум төгрөгийн үндэсний хэмжээний хохирлыг дангаараа нөхөн төлөх чадвартай тогтолцоог бий болгож чадсан” гэжээ.

Харин энэ олон жил малаа даатгуулсан малчид энэ талаар мэдэх нь битгий хэл жил бүр юуны тулд мөнгө төлж буйгаа эс анзаарч даатгуулах ёстой гэх нэг үзлээр жилд 300-500 мянган төгрөг түүнээс дээш мөнгө тушаасаар байна. Үнэхээр л зудын гамшгаас хамгаалах зорилготой бол өвөл хаварт малын өвс, тэжээл үнэд орж 14 хоногийн малын тэжээлийг 500 малтай айл хоёр сая төгрөгөөр худалдан авч байхдаа гамшгаас хамгаалах сан юу хийв. 

Түүнчлэн малын даатгалыг Монгол Даатгал, Ард даатгал, Төрийн банк болон бусад шаардлагад нийцсэн байгууллагууд хэрэгжүүлдэг. Ингэхдээ аймаг сум бүрд өөр өөр янзаар үнэлдэг байна.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын малчин Г.Тогтохбаяр “Манайх малын индексжүүлсэн даатгалд жилд 400-500 мянган төгрөг төлдөг. Ингэхдээ малын төрлөөс хамаарч сумын нийт малын 10 хувь нь хорогдсон бол нөхөн олговор олгохоор заасан. Энэ сумын айлууд нөхөн олговор авч үзээгүй” гэв. Энэ бүхнээс үзэхэд хамгийн ноцтой нь сум орон нутагт үйл ажиллагаа явуулж буй даатгалын байгууллагууд хуулиараа нөхөн олговор олгодоггүй ч даатгалтай малчин өрх бүрээд дунджаар 500 мянган төгрөгийг хураан авдаг нь нэг талаар Гамшгаас хамгаалан сан бүрдүүлэх гэж нэрлэгдэж буй ч нөгөө талаар хамгийн их нөлөөлөх ёстой малчдын амьдралд нөлөөлөл үзүүлэхгүй байгаагаас энэ олон жил “Малын индексжүүлсэн даатгал” гэх нэрийдлээр ямар нэг байгууллагууд ашиг олдог юм биш биз гэх хардлага төрүүлж байна.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ