Г.Галтайхүү: Би нэг сая мод тарьсан. Надтай ижил мянган хүн байхад л тэрбум мод тарьчихна /ВИДЕО/

Г.Галтайхүү: Би нэг сая мод тарьсан. Надтай ижил мянган хүн байхад л тэрбум мод тарьчихна /ВИДЕО/

Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрх бүрийг, иргэн бүрийг мод тарихыг уриалж буй. Энэ удаагийн сурвалжилгаараа бид "Галсан сан”-гийн тэргүүн, ойн мэргэжилтэн Г.Галтайхүү ахтайгаа хамтран өнгөрсөн жилийн намар мод суулгаж өгсөн нэгэн айлд нь цугтаа дахин очиж тарьсан мод хэр ургасныг болон хэрхэн арчилж ургуулдаг эсэх зөвлөгөө мэдээлэл хүргэх юм.

ҮЗЭХ: 

Биднийг очиход Г.Галтайхүү ахын суулгаж өгсөн зулзган гацуур өмнөх жилээс 10см орчим  өндөр ургасан байлаа. Мөн саяхан усалсан мэт үндэс нь нойтон бөгөөд харахад л арчилгаа, тордолгоо сайн хийсэн нь харагдаж байсан юм.

Ингээд Г.Галтайхүү ахаас мод хэрхэн арчилж ургуулдаг болон хаврын улиралд түлхүү юунд анхаарах ёстойг асуухад тэрбээр, “Модыг долоо хоногт хоёр удаа услах ёстой бөгөөд хоносон бүлээн усаар усалбал илүү сайн. Мөн өдийд бордоо ашиглах хэрэгтэй. Үүнийг 21 хоногийн зайтай жилд хоёр удаа хэрэглэнэ. Бордоог модны үндэс рүү хийж болохгүй, түлчихдэг. Би өөрөө сая мод тарьсан хүний хувьд зөвлөхөд Улиас, Хайлаас зэрэг мод Монголын орчин нөхцөлд хамгийн сайн ургадаг. Мөн иргэд мод тарихдаа хамгийн их алддаг зүйл нь маш жижигхэн нүх ухаад модоо суулгачихдаг. Модны үндэс олон салаа, дээрээс нь үргэлж ургаж төлжиж байдаг тул аль болох том, өөрийнх нь урттай тэнцэхүйц гүн нүх ухаж суулгах ёстой. 2009 онд биднийг мод тарьж эхлэхэд иргэд ойлгодоггүй байлаа. Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй "Тэрбум мод" хөтөлбөр  нүдээ олсон, зөв ажил болсон. Ёстой л загатнасан газар маажив гэгч нь боллоо. Иргэд одоо л бага ч гэсэн мод тарих талаар мэдээлэл авч байна. Модыг тариад хаях бус цааш нь тордож арчлах нь  чухал. Би сая мод тарьсан. Над шиг мянган хүн байхад л тэрбум мод болчихно шүү дээ. Энэ боломжтой зүйл” гэж ярьсан юм.

Хашаа хороо нь цэвэр цэмцгэр, олон янзын мод тарьсан энэ эгчийг З.Цолмон гэдэг. Тэрбээр таван жилийн өмнөөс мод тарьж эхэлсэн бөгөөд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч тарих нь цаанаа л өөр юм гэж бидэнтэй хуучилсан юм.

Ингээд эгчээс мод тарьснаар гэр бүл, ойр орчимд нь эерэг өөрчлөлт гарсан эсэхийг асуухад,“Өмнө нь мод тарих талаар огт мэдээлэлгүй байсан. Мэргэжлийн хүний заавар зөвлөгөөгөөр мод тарих их өөр юм. Мод тарих нь хүүхдэд ч, ойр орчмын айлуудад ч их эерэг үр нөлөө үзүүлдэг. Манай хажуу айл байнга хогоо ил асгачихдаг байснаа мод тарьж эхэлснээс хойш больчихсон. Иргэд маань хаана ч бай үргэлж мод тарьж, түүнийгээ хаялгүй усалж, хамгаалж байгаасай гэж хүсэж байна” гэж ярьсан юм. Мод тарина гэдэг хүн насаараа эх дэлхийд амьдарсан, амьсгалсан агаараа эргээд төлж байна гэсэн үг. Мэдээж хүн мөнх биш. Харин мод урт наслах тул өөрөөсөө хойш 200, 300 магадгүй түүнээс ч олон жил үр хойчдоо дурсагдах юм. Тиймээс иргэн бүрийг мод тарих их үйлд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Т.Бямбажаргал