ЦЕГ: Улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар 10167 гэмт хэрэг бүртгэгдсэн

ЦЕГ: Улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар 10167 гэмт хэрэг бүртгэгдсэн

Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр "Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар нийтдээ 10167 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлд 7144 хэрэг буюу 70.3 хувь, орон нутагт 3017 буюу 29.7 хувь, бусад газар буюу хилийн чанадад үйлдэгдсэн гэмт хэрэг зургаа буюу 0.6 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад, улсын хэмжээнд 1015 хэрэг буюу 9.1 хувиар, орон нутгийн хэмжээнд 385 хэрэг буюу 11.3 хувиар, нийслэлийн хэмжээнд 632 хэрэг буюу 8.1 хувиар тус бүр буурсан үзүүлэлттэй байна. Бусад газар буюу хилийн чанадад хоёр хэрэг буюу 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл 6593 буюу 64.8 хувь нь залилан, хулгайлах, мал хулгайлах хэрэг эзэлж байна. 2212 буюу 21.8 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 273 буюу 2.7 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын гэмт хэрэг 131 буюу 1.7 хувь нь хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг тус бүр эзэлж байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 1133 буюу 11.1 хувь нь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд нийт 4924 хүн гэмт хэрэгт холбогдсоны 3680 буюу 74.7 хувь нь эрэгтэй, 1034 буюу 21 хувь нь эмэгтэй, 210 буюу 4.3 хувийг хүүхэд эзэлж байна. Гэмт хэргийн улмаас 9926 иргэн 31 хуулийн этгээд хохирч, иргэн хуулийн этгээдэд учирсан 85.3 тэрбум төгрөгийн хохирол, 14.6 тэрбум төгрөг буюу 17.2 хувийг нөхөн төлүүлж, 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн ажиллаад байна.