Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталдаг байсан бүлэг этгээдүүдийн үйлдсэн хэргийн талаар цагдаагаас мэдээллээ

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталдаг байсан бүлэг этгээдүүдийн үйлдсэн хэргийн талаар цагдаагаас мэдээллээ

Цагдаагийн байгууллагаас урд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий этгээдүүд болоод тэдний үйлдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг өглөө. 

Тус мэдээлэлд "Урд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий этгээдүүд болох Ука хочит Л.Алтанхуягийн захиалснаар Хулнаа хочит Б.Хулансамбуу, Ууганаа хочит Б.Ууганзаяа, Сайхнаа хочит П.Энхсайхан  нар нь бүлэглэн 2023 оны гуравдугаар сарын 05-07-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий иргэний Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах 2 орон сууцны эзэмших гэрээг хүч хэрэглэн  зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлж, өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан байжээ.

Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Түүний гэр болон тээврийн хэрэгслээс 4 ширхэг хутга, хийн гар буу болон ангийн зориулалттай сум, амьсгал боогдуулагч зэргийг хураан авсан байна.

  • Ука хочит Л.Алтанхуяг нь өмнө нь 2009-2021 онд ЭХТА-ийн 147.2 /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 17.2.3.2 /Бусдын эд хөрөнгийг авахаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх/, 20.4.1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/ зэрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан байна.

Мөн “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Майробалан” ХХК-ний ажилчид, жолооч нар руу 2023 оны хоёрдугаар сарын 12-ноос 14-ны өдрүүдэд 20 гаруй гэмт этгээдүүд дайрч довтлон, айлган сүрдүүлэн заналхийлсэн” гэх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх үйлдэлтэй холбогдуулан Ука хочит Л.Алтанхуяг нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий 17 иргэдтэй “Андын Илч” ХХК-ний өмнөх захирал О.Энхбаяр болон түүнтэй хамт очсон “Шонхор тас” ХХК-ний ажилчидтай маргаан үүсгэх, уурхайн талбайд байгаа техник, тоног төхөөрөмжийг өмнөх захирал О.Энхбаярт олгуулахгүй байх зорилгоор очиж, зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс ашиглаж айлган сүрдүүлж, заналхийлсэн гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тухайн үйл явдал нь 2023 оны хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд болжээ.

  1. Цагдаагийн байгууллагаас Ука хочит Л.Алтанхуягийн бүлгийн Хулнаа хочит Хулансамбуу нь Цэнгэл хочит Б.Батцэнгэл, Уугаа хочит Б.Ууганзаяа нартай бүлэглэн Э.Сумъяажаргал гэх /эмэгтэй/-ын захиалгаар 2022 оны 12 дугаар сард иргэн “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, зодох үедээ бэлгийн дур хүслээ ёс бусаар ханган хүчиндэж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, бие болон сэтгэл санааны хохирол учруулан түүний эд хөрөнгийг захиалагч этгээдэд хууль бусаар шилжүүлсэн хэргийг илрүүлж, 15 этгээдийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.8, 2.10 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Урд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий этгээд болох Учка хочит Н.Мөнх-Учрал, хуруугүй хочит Х.Оюунболд, Гураа хочит З.Гурвансайхан, Зана хочит Занабазар нар нь бүлэглэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нэр бүхий иргэний тээврийн хэрэгслийг зэвсэг зэвсгийн чанартай зүйл ашиглан, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийн “Lexus 570” маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар тухайн этгээдүүдийн гэр болон тээврийн хэрэгслээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй 20см урттай хийн гар буу, хутга зэргийг хураан авсан бөгөөд Учка хочит Мөнх-Учрал нь 2002-2022 онуудад ЭХ-ийн 123.3 /Хулгайлах/, 126.1 /Хүчиндэх/, 147.2, 148.1 /Залилан мэхлэх/, 149.1 /Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх/, 181.2 /Танхайрах/, 261.1 /Оргон зайлах/, 98.1 /Хүнд гэмтэл учруулах/, 20.16 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/, 2.1, 20.7 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, зэрэг ялаар шийтгэгдэж байсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авах, тээвэрлэх, хадгалах үндэслэлээр удаа дараа цагдаагийн байгууллагад шалгагдаж, ял эдэлж байсан бөгөөд тогтмол биедээ зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл авч явдаг этгээд юм.

  1. Мөн Амраа хочит Амартүвшин нь урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан 30 орчим этгээдүүдтэй бүлэглэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах компанийн захирлыг айлган сүрдүүлж, заналхийлэн 10 сая төгрөг шилжүүлэн авсан гэх хэрэг;

Хэнтий аймгийн Батноров суманд үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөц бүхий газрыг өмнө нь удаа дараа ял эдэлж байсан Эрдэнэбулганы бүлгийн 4 этгээд өөрсдийн мэдэлд авах зорилгоор Нөхөрлөлийн дарга ажилтай “М”-ыг айлган сүрдүүлж заналхийлсэн зэрэг гэмт үйлдлүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

  1. Мөн урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан Баттулга нарын 3 этгээд нь 2022 оны 07 дугаар сараас эхлэн “MGM.Casino” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж, бусдын банкны дансыг ашиглан, бооцооны мөнгө авч, хууль бус орлогоо нуун дарагдуулан иргэдэд 2,1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 18.6 /Мөнгө угаах/ зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

энэ төрлийн гэмт хэргүүд ихэвчлэн нууц далд аргаар нарийн зохион байгуулалттай үйлдэгдэхийн зэрэгцээ хохирогч нар ихэвчлэн айдаст автан цагдаагийн байгууллагад гомдол гаргадаггүй онцлогтой бөгөөд цагдаагийн байгууллагаас тухайн хэргүүдийг тусгай чиг үүргийн хүрээнд илрүүлдэг юм.

Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн талаарх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны 262425 дугаар утсаар болон биечлэн өргөдөл, гомдол гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллагаас нууцлал, аюулгүй байдлыг ханган шалгах болно.




“BONUS BOOST” BSB-д

13 цагийн өмнө