Э.Мөнхтулга: Би дэлхийн ховор могойнуудаас гадна матар тэжээж байгаа /ВИДЕО/

Э.Мөнхтулга: Би дэлхийн ховор могойнуудаас гадна матар тэжээж байгаа /ВИДЕО/

Хүмүүс ихэвчлэн нохой, муур зэрэг гаршуулахад хялбар амьтныг тэжээдэг. Тэгвэл бид  могой, матар, харх, жоом зэрэг "сонин" амьтдыг өсгөж, үржүүлэн, тэжээдэг Э.Мөнхтулгатай ярилцлаа. 

ҮЗЭХ:

Тэрбээр сонирхлыхоо дагуу амьтан тэжээгээд 40 гаруй жил болжээ. Өнөөдрийн байдлаар түүнд могой, гүрвэл, матар зэрэг амьтан бий бөгөөд матар нь хоёр метр орчим урттай гэнэ. Тэрбээр дөрвөн нас хүрсэн матраа “Улаанбаатар зоо парк”-т түр хугацаанд байлгаж байгаа аж.

Б.Мөнхтулга нь бидэнд сонирхуулахаар “Ball python” гэх могойны таван өөр төрлийг манай студид авчирсан юм. Тэрбээр нийтдээ 5-6 төрлийн могой тэжээдэг бөгөөд бүгдэд нь нэр хайрлажээ. “Бао” могойндоо “Солонго” гэх нэр өгсөн ч хүний нэртэй давхцаж байсан тул “Үүлэн Солонго” болгожээ. Харин матраа “Улаан Тэнгис” гэж дууддаг байна. 

Тэжээдэг могойнуудаа Хятад, Герман, Орос, Солонгос гэх мэт улсаас оруулж иржээ. Хамгийн анх 2000-аад оны үед БНХАУ-аас могой, гүрвэл зэрэг мөлхөгч амьтдыг оруулж ирж байжээ.

Сонирхуулахад, тэрбээр хэлэхдээ “2000-аад оны үед хилээр амьтан оруулж, гаргах тусгай журам байгаагүй тул хайрцаг, саванд савлаад авч явдаг байлаа. Гаалийн байцаагч нар асуухаар нь “Юу байгаа” гэхээр нь “могой, гүрвэл” гэдэг байсан. Одоо ингэж авч явбал шууд хураалгана шүү дээ” гэлээ.

Могой тэжээхэд хамгийн хүндрэлтэй нь хоол тэжээлийн асуудал. Нохой, мууртай адил зориулалтын тусгай хоол байхгүйгээс гадна могой нь махчин амьтан билээ. Түүний хувьд могойгоо хооллохын тулд хулгана, харх, жоом гэх мэт амьтныг давхар тэжээдэг аж. Түүний хувьд хүүхэд байхдаа ялаа, шумуул, жоом, өт, цох хорхой зэрэг амьтдыг тэжээж байжээ. Анх 1998-1999 оны үед БНХАУ-аас хоёр могой, хоёр гүрвэл авчран тэжээж байсан бөгөөд тухайн үед могойгоо алга болгож байжээ. 

Насанд хүрсэн могойг өвлийн улиралд 2-3 сард, зарим тохиолдолд нэг сард нэг удаа хооллодог. Харин жижиг могойг 14-20 хоногт нэг удаа, зулзаган болон нялх могойг 7-10 хоногт нэг удаа хооллодог байна. Хооллолтын тал дээр бусад тэжээвэр амьтдыг бодвол могой нь өдөр болгон асаргаа шаардахгүй тэжээхэд амар амьтан хэмээн онцолсон юм.

Могой нь багадаа 15 жил насалдаг бөгөөд ямар төрөл, зүйлийн могой гэдгээс хамааран багадаа 15 жил, зарим том могойны хувьд 25-30 жил насалдаг байна. Тэрбээр “Могой нь бүгдээрээ адилхан царайтай, жижиг дээрээ ямар ч могойг харахад хөөрхөн, царайлаг. Харин могой жижиг дээрээ юмнаас айх цочих нь их. Том болох тусмаа айхгүй өөртөө итгэлтэй болдог” гэлээ.

Түүний хамгийн том могой нь “Бао” төрлийн хоёр настай "Хөх тэнгэр" юм. Хөх тэнгэр нь ойролцоогоор хоёр метрийн урттай аварга томдоо орохоор могой аж. Манай студид авчирсан могойнууд нь нас бие гүйцээгүй, насанд хүрэхдээ 1.8 метрийн урттай болох аж. Могой нь дулаан мэдэрч хүн, амьтныг ялгадаг бөгөөд хэрэв хүнийг хазсан тохиолдолд хоолтой андуурах, өөрийг нь өвтгөсөн тохиолдлуудад өөрийгөө хамгаалах  зуршлаар хаздаг аж.

Хамгийн хачирхалтай нь Энэ жил түүний “Үүлэн солонго”, “Хөх тэнгэр” гэх хоёр могой зэрэг ам нь өвдөж гэрийн аргаар эм өгөх, тос түрхэх зэргээр эмчилжээ. Харин манай оронд мөлхөгч, мэрэгч амьтныг эмчилдэг эмнэлэггүй, тэр дундаа мөлхөгч амьтнаар мэргэшсэн амьтны эмч байхгүй аж.