ФОТО: Осгож, ухаан алдсан малчин залууг, 700 гаруй адууных нь хамт авран хамгаалсан хилчидтэй ярилцлаа

ФОТО: Осгож, ухаан алдсан малчин залууг, 700 гаруй адууных нь хамт авран хамгаалсан хилчидтэй ярилцлаа

Цасан болон шороон шуурганы үеэр хилийн бүсэд адуу хурааж явсан малчин залуу хүйтний улмаас осгож, ухаан алдсан байсныг хилийн цэргийн 0132 дугаар ангийн салбар хариуцсан хилчид олж, амь насыг нь авран хамгаалсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаа эрдэнэт хүний амь, эд хөрөнгө авран хамгаалсан эрэлхэг хилчидтэй ярилцав.

Эл явдал долоо хонгийн өмнө буюу гуравдугаар сарын 23-нд болж, Хил хамгаалах байгууллага баярт явдлын талаарх мэдээг олонд түгээсэн. Бид энэ үеэс л тухайн үед хилийн манаанд гарч, хүний амь аварсан хилчидтэй ярилцахаар холбогдож болох бүхий л хүн рүү утас цохисон ч Монгол Улсын дархан хилийн манаанд зогсож буй тэдэнд холбоо байтугай зав ч байсангүй. Иймд тэдний заставын дарга өчигдөр /2023.03.29/ өөрөө хамгаалалтад гарах үеэрээ тэдэнтэй таарч, сүлжээтэй газар олсноор бидэнд хэдхэн хором ярилцах боломж олдсон юм. Хүний амь насыг авран хамгаалсан хилчид утасны цаанаас "Аа тийн хүн олсон. Гайгүй болоод явсан" хэмээн өдөр тутмын аяга угаасан гэдэг шиг хээв нэг хэвлүүхэн хэлж байлаа. Ингээд Ахлах ахлагч Г.Золжаргалын ярьснаар болсон явдлын талаар бичсэнийг хүргэе.

Хилийн цэргийн 0132 дугаар ангийн нэгэн салбарын хамгаалалтын бүсэд 2023 оны гуравдугаар сарын 18-23 өдрүүдэд цаг агаар цочир хүйтэрч -20 хэм хүрч, салхи 20 м/с хүчтэй салхилж шороон болон цасан шуурга шуурчээ. Энэ үеэр морин уналгатай хилчид дархан хилийн амар тайван байдлыг сахин хамгаалж хилийн зурваст шалгалт хийх үеэрээ 700 гаруй адууг олж илрүүлсэн байна. Улмаар хилчид адууг хашиж хилийн бүсээс гаргахаар туужээ. Тус өдөр шуурга намжсан ч бүрхэг байсан байсан аж. Ингэж явсаар үдийн 15 цаг орчимд хилчид ойр хавийн нөхцөл байдлыг шинжиж, дуран тавьжээ. 

Тэгтэл адууг олсон газраас 7 км орчим зайд нэгэн хилчний дуранд мотоцикл харагдсан байна. Ингэхдээ ямар ч хүнгүй, мөн мотоцикл нэг талаараа хэвтэж буй нь тод харагдаж, шалгаж үзэхээр очих үед хажуугаараа унасан мотоциклоос арван алхмын зайд хүн хэвтэж байжээ.

Харваас эл олон адуун сүргийн эзэн нь гэдэг нь тодорхой байсан 20 гаруй настай малчин залуу хэдийнээ осголтын байдалд орж ухаан алдсан байсан тул амь насыг нь аврахаар хилийн застав руугаа яаран хөдөлсөн байна. Энэ үеэр ахлах ахлагч Г.Золжаргал, ахлагчтай байлдагч М.Гантулга, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа элжиндээ гарч байв.

Улмаар хоёр хилчин мотоцикл дээр сундалж, дундуураа ухаангүй малчин залууг суулгаж 30 гаруй километрт байрлах заставдаа хүргэхээр хөдөлсөн бөгөөд үлдсэн хилчин байлдагч үргэлжлүүлэн харуулын үүргээ гүйцэтгэж, ард иргэдэд учир болзошгүй 189,2 сая төгрөгийн хохирол буюу 172 тооны адууг хилийн бүсээс гаргажээ.

Энэ үеэр хилчид малчин залууг заставд хүргэж зөвлөх хилчний зөвлөгөөгөөр анхны тусламж үзүүлсэн байна. Халуун юм уулгах болон бусад шаардлагатай арга хэмжээг авснаар гурван цагийн дараа малчны бие сайжирч, баярлаж буйгаа илэрхийлж байсан аж.

Азтай ч гэх үү сайн хувь төөргөөр дархан хилээ хамгаалж буй хилчидтэй ийнхүү таарч амь аврагдсан залууг н.Мөнх-Оргил гэдэг. 20 гаруй насны эрэгтэй. Тэрбээр өмнө өдрийнх нь өглөө гэрээсээ гарч бүтэн өдөр шөнө адуугаа хураажээ. Шуурга хүчтэй гадаа хүйтэн байсны улмаас гар нь даарч, өвдөж мотоцикл барьж чадахаа больсон тул бууж, хэвтсэн аж. Азаар түүний гар, хөл зүгээр. Мөн тэр өөрийгөө их дулаалсан гэх ч хүчтэй салхины өөдөөс сөрөхөд баггүй хүч, тамир шаардана биз. Хөвөн дотортой дээл давахгүй өдөр шөнийн хүйтэн ч гэж юу байхав. Ямартай ч тэр амьдралаа, амиараа хамгаалсан адуугаа хилчдийн ачаар хамгаалжээ. 

Мөн энэ талаар хилчид ярих үеэрээ "Малчид ер нь шуурга ч тоолгүй малынхаа л араас явдаг. Зарим нь бүр угаас амиа алдах нь тодорхой гэмээр эрсдэлтэй шуурга, цочир хүйтэн байсан ч малынхаа араас явснаар амиа ч алдаж, малаа ч алддаг даа. Хэдий дулаан яваа ч хээр талын салхинд нэг жижигхэн хүн чинь хэтэрхий өчүүхэн шүү дээ" хэмээсэн юм. Тэдний энэ үг малчдын хотонд хүрээсэй. Шуургатай өдөр нэгийг бодогдуулаасай.

Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн эгэл даруу баатарлаг хилчдийн хувьд дээрх явдал олон ч тохиодог бололтой. Ярианы өнгө нь дассан тайван сонсогдож байсан ч сэтгэл дотроо хүний амь нас авран хамгаалсандаа баярлаж, битүүхэн өөрсдөөрөө бахархаж буй биз ээ.

ФОТО: 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө