О.Шинэбаяр: Ач хүү маань хүчирхийлэлд өртөхөд эрхийг нь хамгаалаагүй гэдэг асуудлаар АТГ, УЕП-т хандсан ч үр дүнд хүрээгүй

О.Шинэбаяр: Ач хүү маань хүчирхийлэлд өртөхөд эрхийг нь хамгаалаагүй гэдэг асуудлаар АТГ, УЕП-т хандсан ч үр дүнд хүрээгүй

"Далд хүн" ТББ-аас хүүхдийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох "Одоо болно" жагсаалыг энэ сарын 31-нд зохион байгуулахаар болсон талаараа мэдээлсэн. 

Энэ үеэр иргэн О.Шинэбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Би нотлох баримттай ярина. хүний эрхийн үндэсний комиссоос 2020 оны зургадугаар сарын 11-нд ач хүүд маань анх кейс нээж байсан. Гэвч ач хүү маань хүчирхийлэлд өртөхөд эрхийг нь хамгаалаагүй. Тус комиссоос 2022 оны гуравдугаар сард "Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц болон Хүүдийн эрхийн тухай хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хамжээ аваагүй. Хүүхэд хамгааллын үйлчилгээнд зохих ёсны хяналт тавиагүй. Ажилдаа мэргэжлийн бус хайхрамжгүй хандсан. Хүүхдийн язгуур дээд эрх, сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлээгүйн улмаас хүүхдийн эрх зөрчигдсөн" гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Зургаан удаагийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүүхэд хохирсон гэдэг нь тогтоогдсон ч шалгаагүй. Миний бие Авлигатай тэмцэх газрын нэр бүхий даргад бичиг өгсөн ч тухайн хүүхдийн байгууллага дээр очиж, сургалт явуулж, хэлэлцээд хэргийг нь хаадаг. Тиймээс Улсын прокурорын газарт хандсан ч үр дүнд хүрээгүй. Би энэ асуудлын араас ганцаараа гурван жил явлаа. Та нар Шар хадны эмнэлэг дээр очоод үзээрэй. Хар тамхи хэрэглэсэн, архи дарс, гар утсанд донтсон зэрэг янз бүрийн шалтгаантай хүүхдүүдийг хүүхэд хамгааллын ажилчид аваачиж хэвтүүлдэг. Гэсэн ч тэдэнд буцаагаад анхаарал тавьдаггүй. Ач хүү маань хүчирхийлүүлж, хүнд байдалд байхад ч хүүхэд хамгааллын ажилчид ирээгүй. Миний хүүд тусламж хэрэгтэй байхад хаана байсан юм бэ. Хүүхэд хамгааллын байгууллагад улсаас нөхөн олговор өгч байгаа ч үнэхээр зөв зарцуулагдаж байна уу гэх хардлага байна" гэдгийг тодотголоо.