Дээд лигийн тоглолтын үеэр талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан тамирчдад МСБХ хариуцлага тооцжээ

Дээд лигийн тоглолтын үеэр талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан тамирчдад МСБХ хариуцлага тооцжээ

Тэнүүн Өлзий Металл болон Завхан Бродерс багуудын Үндэсний дээд лигийн цувралын дөрөв дэх тоглолтын үеэр тамирчдын талбай дээр гаргасан ёс зүйгүй үйлдлийг МСБХ шийдвэрлэжээ.

“Завхан Бродерс” багийн тоглогч Д.Мөнхтүвшин нь тоглолтын явцад эсрэг багийн тамирчин Кристофер Блейктэй зодолдож спортын бус алдаа гаргасан тул нэг сая төгрөгөөр торгож, хоёр удаагийн тоглолт өнжүүлэх шийтгэл ногдуулсан. Харин “Тэнүүн Өлзий Металл” багийн тоглогч Кристофер Блейк нь тоглолтын явцад эсрэг багийн тоглогч Д.Мөнхтүвшинтэй зодолдож спортын бус алдаа гаргасан тул нэг сая төгрөгөөр торгож, нэг удаагийн тоглолт өнжүүлэх шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

“Тэнүүн Өлзий Металл” багийн тоглогч О.Сайнбаяр, Б.Сүхбат, Б.Энхсайхан, А.Ж.Вест, Б.Ануужин, Д.Адьяасүрэн нарт тус бүр сануулга өгчээ. Багийн тамирчдын дээрх зөрчлөөс гадна “Тэнүүн Өлзий Металл” багийн эрх бүхий төлөөлөгч Б.Давхарбаяр нь тоглолтын талбайд нэвтэрч ёс зүйгүй үйлдэл гаргасан тул багийг хоёр сая төгрөгөөр торгох шийтгэл өгсөн аж.