ШУУРХАЙ: “Хорих ялаар шийтгүүлж байсан” гэдэг УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатарыг ажлаас нь чөлөөллөө

ШУУРХАЙ: “Хорих ялаар шийтгүүлж байсан” гэдэг УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатарыг ажлаас нь чөлөөллөө

Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан, тагнуулын хурандаа Д.Цогтбаатарыг өнгөрсөн долоо хоногийн баасан гараг /2023.03.24/-т үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тэрбээр Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа бусдыг далайлган сүрдүүлж хэрэг хүлээлгэхийг оролдсон, төрийн нууц задруулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдож, шүүх түүнийг улсын нууц задруулсан гэм буруутайд тооцон хорих ял шийтгэж байсан билээ.

Тэрбээр хорих ял эдэлж дуусаад хэсэг хугацааны дараа УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон бөгөөд тухайн үед хэвлэлүүдэд “Прокурорын байгууллага хуулиа зөрчин ял шийтгүүлсэн хүнийг томиллоо” хэмээн бичиж байсан билээ.

Өөрөөр хэлбэл, Прокурорын тухай хуулийн 45.1-т “гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй хүнийг прокуророор томилно” гэж заасныг зөрчиж, улсын нууц задруулсан хэрэгт таван жил хорих ял шийтгүүлсэн хүнийг ажилд авсан байсан юм. Энэ томилгоог Улсын ерөнхий прокурорыг эзгүйд хийсэн байдаг. 

Түүнчлэн Д.Цогтбаатарыг төрийн албан тушаал хаших эрхгүй хэмээн зарим хүн Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд тус зөвлөлөөс “ял шийтгүүлсэн гэдгийг нь тодотгоод хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхээр шилжүүлэв” хэмээн УЕПГ-т албан бичиг хүргүүлж байсан удаатай.

Гэвч түүнээс хойш нэлээд хугацаанд УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсны эцэст өнгөрсөн баасан гарагт ийнхүү чөлөөлжээ. Д.Цогтбаатар уг албан тушаалыг хашиж байхдаа хууль зөрчсөн байж болзошгүй талаар олон хүн ярилцдаг ч нийтэд ил болсон нь үгүй. Тухайлбал, өөрт холбогдох, улсын нууц задруулсан гэх хэргийг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас” гэх үндэслэлээр сэргээлгэж, цагаатгуулахаар НПГ-ынхныг “шахсан” гэх яриа ч бий.




Өнөөдөр тахиа өдөр

22 цагийн өмнө