ШУУРХАЙ: УИХ-ын дарга асан З.Энхболдод "хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авах" прокурорын саналаас шүүх татгалзжээ

ШУУРХАЙ: УИХ-ын дарга асан З.Энхболдод "хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авах" прокурорын саналаас шүүх татгалзжээ

УИХ-ын дарга асан З.Энхболдыг прокуророос яллагдагчаар татаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр З.Энхболдод таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хэлэлцэж, уг саналыг хүлээж авахаас татгалзсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүхээс "З.Энхболдыг яллагдагчаар татсан гэж үзэх боломжгүй хэмээн таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй" аж. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйл. Яллагдагч "1.Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ" гэж заажээ. Үүнээс үзвэл З.Энхболд нь яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцаагүй учир шүүхээс түүнийг яллагдагчаар татсанд тооцох боломжгүй хэмээн үзэж, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байж магадгүй байна. 

-З.ЭНХБОЛДЫГ ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД АСАН Б.ЭНХ-АМГАЛАНД НӨЛӨӨЛСӨН ХЭМЭЭН ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ПРОКУРОРЫН ТОГТООЛ ГАРСАН БОЛОЛТОЙ-

Ташрамд өгүүлэхэд, Зам тээврийн хөгжлийн /ЗТХ/ сайд асан Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тухай үед Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдын холбоотой гэгддэг "Страто" ХХК-д давуу байдал бий болгон "тушаал гаргасан" гэх хэрэгт буруутган яллагдагчаар татсан байдаг. Тодотговол, тэрбээр 2019 оны тавдугаар сарын 3 /2019.05.03/-нд “Авто замын ангилал шилжүүлэх тухай” 134 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Улсын чанартай авто зам” статустай болгож шийдвэрлэсэн гэдэг. Харин 2019 оны долдугаар сарын 1-ний өдөр “Улсын чанартай авто замыг эзэмшүүлэх тухай” 227 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын холбоотой гэх “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэдэг.

“Их дэлгэмэл ингүүн” компани нь “Страто” ХХК-ийн “Эрдэнэс тавантолгой” ХК-иас худалдаж авсан нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сум руу зөөдөг компани юм. 

Өөрөөр хэлбэл, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-амгалан Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Улсын чанартай авто зам” болгож, улмаар “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэх тушаал гаргахад тухай үеийн ЕТГ-ын дарга З.Энхболд нөлөөлсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан гэгдэж буй юм. Тэгвэл эл хэрэгт холбоотойгоор З.Энхболдыг яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар шүүхэд хандсан бололтой.