Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч байна. Энэ хуулийг батлах цаг нь арай болоогүй гэдгийг ойлголоо

Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч байна. Энэ хуулийг батлах цаг нь арай болоогүй гэдгийг ойлголоо

“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьж өнөөдөр ЕТГ-аас мэдээлэл хийсэн билээ.

Тэгвэл эл асуудлаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мөн мэдээлэл хийв. Тэрбээр, “Энэ хуулийг батлах цаг нь арай болоогүй гэдгийг ойлголоо. Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээн авч байна. Би гар дээрээ яг хоригийн үндэслэлүүдийг хүлээж аваагүй. Сая ЕТГ-аас хийсэн мэдээллийг харлаа. 

Гэхдээ үзэл санаа, үнэт санаанаасаа ер ухраагүй. Цахим залилан гэхэд 99,8 хувиар өссөн гэсэн тоо үзүүлэлт байна. 18 тэрбум төгрөгийн хохирол нэг жилийн дотор учирсан. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах гэсэн, хохирогчдийг хамгаалах гэсэн эхний алхам энэ хууль байсан. 

2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр /2023.01.20/ УИХ-аас "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах" тухай хуулийг баталж, УИХ-ын дарга 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ёсчилж, ЕТГ-т 26-ны өдөр явуулж тав хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой учраас хоёрдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ гэсэн. Дахиж энэ хуулийн төслийг өргөн барих асуудал өнөөдөр ярихад эрт байна. Цаг хугацаа хэрэгтэй юм байна” гэв.