Б.Энхбаяр: Хөгжлийн банкны дараагийн сонсголд гэрчээр дуудагдах хүн нь би

Б.Энхбаяр: Хөгжлийн банкны дараагийн сонсголд гэрчээр дуудагдах хүн нь би

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны анхны сонсгол энэ сарын 16-21-ны өдөр Төрийн ордонд таван өдөр үргэлжилж дууссан билээ.

Тэгвэл дараагийн сонсголыг ирэх хоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулах талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр "Гэрчийг албадаж авчрах эрх УИХ-ын Хянан шалгах хороонд байхгүй. УИХ парламентын хяналтын хүрээнд гэрчүүдийг дуудаж нээлттэй сонсголд тайлбар хийх эрхээр хангасан. Бүх шатны сонсгол явагдаж дууссаны дараа Хянан шалгах түр хороо  тайлангаа тавина. Эхний сонсголд 306 гэрч дуудагдсанаас 190 гэрч ирсэн. Дараагийн сонсголд 100 гэрч дуудагдсан. Энэ тоо өсч магадгүй. Хоёр дахь удаагийн сонсголоор гурван асуудал хэлэлцэнэ. 

НЭГДҮГЭЭРТ, Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийгдэж байсан байдал. Эрх бүхий байгууллагуудаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийн үр дүн. Энд 21 орчим албан тушаалтан гэрчээр асуугдана. Тэдний нэг нь би. 2016 онд Засгийн газраас хийгдсэн Хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч байсан учир би дуудагдаж байгаа. Мөн Ч.Хүрэлбаатар сайд дуудагдана. 

ХОЁРДУГААРТ, Хөгжлийн банкны охин компани болох "Ди Би Эм Лизин"-г компаниас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлтийн байдлыг хэлэлцэнэ. Нэмж тодруулах шаардлагатай 10 орчим санхүүгийн түрээстэй холбоотой хэлцлийг ярилцана. Энд 35 гэрч дуудагдана. 

ГУРАВДУГААРТ, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл хөтөлбөрүүдийг ярилцана. Энэ бол зээл биш. Үүнд 43 гэрч дуудна. Шалгалтын ажил үргэлжилж байна. 

Дараагийн сонсголоор Хөгжлийн банкны охин компаниар дамжуулан олгосон зээлийн зарцуулалт, Хөгжлийн банкнаас Засгийн газарт шилжүүлсэн 2.5 их наядын зээлийн багцын зарцуулалтын асуудлыг хэлэлцэх юм. Харин гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ. 

ҮЗЭХ: