Ж.Төмөрсүх: Хорьдол сарьдгаас Монголд байхгүй торгомсог үстэй, газраар сэлж явдаг нэн ховор амьтан олдсон /ВИДЕО/

Ж.Төмөрсүх: Хорьдол сарьдгаас Монголд байхгүй торгомсог үстэй, газраар сэлж явдаг нэн ховор амьтан олдсон /ВИДЕО/

Хөвсгөл аймгийн тусгайн хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Хорьдол Сарьдгийн Дархан цаазат газрын байгаль хамгаалагчид тархац нутаг нь тодорхойгүй нэн ховор амьтныг цасан дээр гарч үхсэн байдалтай олсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Энэхүү амьтныг "Алтан чацуулан" гэдэг бөгөөд Улаан номонд бичигдсэн хэдий ч огт судлагдаагүй амьтан аж. Мөн хар шороон хөрсөн давхаргаар шавьж идэж амьдардаг бөгөөд одоогоор байгаль хамгаалагчид хэд хэдэн тархац нутгийг нь тэмдэглээд байгаа юм. Иймд бид энэ талаар Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын дарга Хорьдол сарьдгийн ДЦГ-ыг сахин хамгаалдаг байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй ярилцлаа.

ВИДЕО:

"Судлагдаагүй амьтан олдоно гэдэг" хэн бүхний хувьд төдийлөн сонирхол татахуйц чухал үйл явдал биш. Гэвч сүүлийн жилүүдэд хүний буруутай үйлдлээс болж экологийн тэнцвэрээ алдаж буй байгаль, үй олноороо үрэгдэж буй зэрлэг амьтдыг хойч үедээ үлдээхээр нутаг ус, ан амьтдаа хамгаалахаар идэр есийн хүйтэнд ч өдөр шөнөгүй ажиллаж буй байгаль хамгаалагчдын хувьд 30 гаруй жил ажиллахдаа биетээр үзээгүй амьтныг эзэмшил нутгаасаа олно гэдэг алт олохоос илүү баяр жаргал билээ.

2000-аад оны эхэн үед ч байгаль хамгаалагч гэхээр буу үүрсэн хүн. Анчдаас бусад нь төдийлөн мэдэхгүй шах уу. Ямартай ч нутаг бүрд байдаг нэр нь товлогдсон хэн нэгэн гэх ойлголт зарим иргэдийн дунд түгээмэл байсан. Ингэхдээ тэднийг хууль бусаар ан хийх, мод, заг түүхээс сэргийлэх зорилготой гэх үүргээр тодорхойлдог байв. Гэтэл 2021 оноос хойш байгаль хамгаалагчдын тухай яригдах болж, нийгмийн сүлжээнд мэдээлэл тархаж хүн бүр тэдний ажил үйлсийг харж бахархаж, дараагийн нутаг усаа хамгаалах залуу хүчин бэлтгэгдэх болсон юм.

Улмаар холбогдох байгууллага, яам, тамгын газраас тэднийг анхаарч ажиллах орчныг нь сайжруулан дэмжиж, саяхан тэдний цалинг нэмсэн баяр үйл явдал тохиов. Түүнчлэн тэд байгаль, ан амьтдаа хамгаалахаас гадна элдэв зүйлийн ургамал, амьтдыг ч илрүүлэн судалж байна. Энэхүү үйлийг олонд таниулж, байгаль хамгаалагчдын тодотгосон жишгийг өөрчилж буй эрхэм бол Ж.Төмөрсүх юм. Ярилцлагын эхэнд түүнтэй дээрх асуудлын талаар хэлэлцэв.

Энэ үеэр Ж.Төмөрсүх гуай "Нэг үе ээ бодвол иргэд маань мэдлэгтэй болж, яамнаас биднийг анхаарч ажиллах орчныг сайжруулах болсонд маш их баярлаж байна. Энэ ажилд хэвлэл мэдээллийн тус нэн тэргүүнд байсныг онцлох нь зөв. Ер нь бол байгаль хамгаалагчийн ажлыг хүмүүс сонирхох байтугай гавьяат авч байсан удаа ч байхгүй шүү дээ. Гэтэл би 30 жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж үзлээ. Бид цалин бага гэлгүй байгальдаа араггүй хайртай учир энэ олон жил уул толгодоо түшиж амьдарсан улс. Харин одоо олон түмэн мэдэж хүмүүс сайн дураараа байгаль дэлхийтэй зөв харьцах болсон явдалд баярлаж явна даа. Харин одоо хойч үедээ зэрлэг амьтад, онгон байгалиас гадна мэдлэг үлдээх зорилгоор бид бүхий л амьтнаа судалж, биежүүлж үлдээхээр ажиллаж байна" гэсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-"Алтан чацуулан" гэх амьтныг хэзээ, хаанаас олсон бэ?

-Нэгдүгээр сарын 22-нд байх аа. Хорьдол сарьдгийн ДЦГ бид ой дотор эргүүл хийж явсан юм. Тэр үеэр жолооч маань "цасан дээр жижигхэн хар юм харагдаад байх юм" гэсэн. Бид буугаад үзэхэд "Алтан чацуулан" гэх энэ амьтан ойролцоогоор 30 см цасан дээр гарч үхсэн байдалтай олдсон.

-Өмнө нь ясыг нь олж байсан гэсэн үү?

-Тиймээ. Өмнө нь хорхой идээд яс нь яг гоё гарч ирсэн байдалтайгаар нэг удаа олдож байсан. Харин энэ удаагийнх үхээд удаагүй байсан. Хэрэв жаахан удсан бол шувуу ч юм уу ямар нэг амьтан олоод цоолж гэмтээх байсан. Тэгэхээр шөнө л үхээд өглөө цасан дээр гарч ирсэн болж таарч байгаа юм. Ямар ч гэмтэлгүй олдсон.

-Улаан номонд бүртгэгдсэн. Гэхдээ судлагдаагүй амьтан гэсэн шүү дээ. Тэгэхээр нэр, хооллолт гээд тодорхой болсон хэдэн зүйлийг яаж тогтоов?

-Нэн ховор амьтан юм. Сайн судлагдаагүй. Тэр болгон хүнд үзэгдээд байдаггүй. Газар доор амьдардаг амьтан. Газрын хөрсөнд амьдарч шавьжаар хооллодог. Хөрсөн дээр огт гардаггүй. Тархац нутаг тодорхойгүй. Мэдээлэл маш хомс. Биетээр судлагдаагүй гэсэн үг. Зуны цагаар энд ийм амьтан байна гэдгийг яаж тогтоож байсан бэ гэвэл газрын хөрсөнд жижиг хар шороо овоолдог. Тиймээс энд ийм амьтан байна гэдгийг судлаачид болон байгаль хамгаалагчид мэдэж авдаг юм. Хамгийн гол нь хаагуур нутагладаг нь тодорхойгүй байсан. Бид сүүлийн 10-аад жил энэ тайга орчимд байна гэдгийг шинжиж олж мэдсэн.

-Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагчид хамгийн бага даа 20-оод жил ажилласан байдаг шүү дээ. Та бүхний хувьд тайгад "Алтан чацуулан" байна гэдгийг батлаад байсан юм байна. Энэ хугацаанд биетээр харж байсан уу?

-Би 30-аад жил ажилласан. Энэ хугацаанд ажилладаг бүс нутагтаа гурван чиглэлд энэ амьтныг байна гэдгийг тогтоосон. Ингэхдээ малчдын хотны ойролцоогоос хоёр, гурван удаа ясыг нь олж байсан. Өнгөрсөн зун манай хоёр байгаль хамгаалагч морин замын ойролцоогоос мөн хатсан хэлхээтэй араг яс олсон. Тэр маш гоё олдвор байсан. Бүх хумс, яс нь бүрэн. Харин энэ жил махтай, үстэй бүх юмтай нь оллоо.

-Байгаль экологийн хувьд ямар ашиг тустай амьтан бэ?

-Алтан чацуулан нь газрын хөрсийг сийрэгжүүлж, хортон шавьжаар хооллож байдаг амьтан. Урд талын хоёр савар нь тэр жижиг биед байхааргүй урт, хурц савартай. Түүгээрээ газар доогуур сэлж явдаг гэсэн үг. Ингэхдээ газрын хөрсийг сийрэгжүүлж байгаа юм. Бараг нэг см урт хумстай.

-Зургийг нь харахад нүдгүй юм шиг харагдсан. Биеийн ерөнхий онцлогийн хувьд?

-Нүд, чих огт байхгүй. Чухам үсэн доор нь нэг жижиг юм байдаггүй юм бол ил хайгаад олдох юм бол байгаагүй. Гол нь хамар, хошуу нь их хөгжсөн амьтан байна. Газар доор шавьж хаана байгааг мэдэж байна гэхээр зэрлэг гахай шиг маш их мэдрэмтгий үнэрч байна гэж ажигласан.

-Харагдах байдал нь оготно, зурамтай төстэй байсан. Гэтэл газраар сэлдэг гэхээр огт хөлөөгөө явж чаддаггүй гэсэн үг үү?

-Тиймээ. Газрын хөрсөн дээр гарлаа ч хөлөөрөө явж чаддаггүй амьтан гэж ажигласан. Сарвууны онцлог гээд хүн усанд сэлдэг шиг яг тэгж шороогоор сэлдэг гэсэн үг.

-Харин үсний хувьд?

-Үс нь бараг дэлхийн хамгийн гоё үс байх аа. Торгомсог, хамба хилэн шиг маш зөөлөн асар нягт. Ямар ч ширхэг байхгүй үстэй амьтан байна. Монголд ийм үстэй амьтан байхгүй.

-Цаашид дэлгэрүүлэн судалгааны ажил хийх үү?

-Тархац нутаг нь энэ хавьд байна гэдэг нь манай шинжлэх ухааны судлаачдад том мэдээ. Гэмтээлгүй биетээр олсон байгаа нь мөн их чухал. Бид хаана байгааг нь тэмдэглээд заасан байгаа. Улаан номонд орсон ховор амьтан учир ажиглаж тогтоосон байсан.

-Амьтан судлаачид тантай холбогдсон уу?

-Шинжлэх ухааны байгууллагын хүмүүс над руу ярьж байна лээ. "Наадах аа өгчих, худалдаж авъя" гээд нэлээд ярьсан шүү. Зарим нь "өөр амьтны арьсаар солиод авъя" гэх жишээний. Шинжлэх ухаанд энэ чухал байлгүй яах вэ. Бүтнээрээ эрүүл арьсаараа олдсон шүү дээ.

-Та бүхэн олдвороо яана гэж бодож байгаа вэ?

-Энүүгээр чихмэл хийнэ. Манай байгаль хамгаалагчид жуулчдад зориулсан мэдээллийн төвийг өнгөрсөн жил байгуулсан. Энэ газарт янз бүрийн экологийн боловсрол олгох амьтны яс, эвэр, амьтны холбогдолтой зүйлс бий. Ирж буй зочдод болон хүүхэд залууст мэдээлэл өгөх зорилгоор хийсэн юм. Тиймээс энэ төвдөө үнэт үзмэр маягаар мэргэжлийн хүмүүсээр чихүүлж тавина гэж бодож байгаа.

-Дэлхийн өөр орнуудад "чацуулан" гэх амьтан бүртгэгдсэн байдаг уу?

-"Алтан чацуулан" биш ч гэсэн энэ төрлийн гурав, дөрвөн төрөл байдаг юм байна лээ. Гэхдээ мэдээж нэлээд өөр л дөө. Монголд бол "Алтан чацуулан" гэж ганц л төрөл байгаа.

-Тэгэхээр хамгийн гол нь Дархадын хотгорт энэ мэт ховор амьтад илэрч байна гэдэг нь тус бүсийн ой, байгаль эрүүл байгааг илтэж байна гэсэн үг үү?

-Яг зөв. Дархадын хотгор, Улаан тайга, Хорьдол сарьдгийн нуруу гэдэг нь байгалийн ямар агуу баялагтай үнэ цэнтэй газар вэ гэдгийг илтгэж байгаа юм. Бид цоохор ирвэсийг камер тавьж энэ бүсийн гурван нуруунд байгааг тогтоосон. "Голын халиу" гэж амьтан байна. Монголд хоёрхон газар бүртгэгдсэн. Нэн ховор амьтан байгааг бид судалгаа хийж үүрийг олж тогтоосон. Мөн "Алтан чацуулан" гэх мэт хүн харж үзээгүй. Ховор амьтдыг энэ газраас олсон. Тэгэхээр гол энэ газраас ийм сайхан амьтан олдож байгаа нь яагаад хамгаалах ёстойг харуулж байгаа юм.

-Бидэнтэй мэдээллээ хуваалцсан танд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа. Байгальд ээлтэй. Сайн үр дагавартай энэ мэт мэдээллийг бэлтгэж буйд талархлаа.

ФОТО: