Дарханд байх “Тэс Петролиум”-ын шатахууны саванд гарсан галыг унтраахаар Улаанбаатар, Эрдэнэтээс нэмэлт хүч хөдөлжээ

2022-12-01 17:05

ШУУРХАЙ: Дархан-Уул аймгийн “Тэс Петролиум” ХХК-д  гарсан их хэмжээний галыг бүрэн унтраажээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д өнөөдөр өглөөний 09:00 цагийн орчимд гал түймэр гарч, Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж буй талаар бид мэдээлсэн. Тэгвэл Сэлэнгэ, Эрдэнэт, УБ-аас нэмэлт техник болон гал унтраах багийнхан очиж тус галыг бүрэн унтраасан талаар эх сурвалж мэдээллээ.

2022-12-01 15:58

Дарханд байх “Тэс Петролиум”-ын шатахууны саванд гарсан галыг унтраахаар Улаанбаатар, Эрдэнэтээс нэмэлт хүч хөдөлжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д  гал түймэр гарч, Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж буй талаар бид мэдээлсэн

Тэгвэл Дархан-Уул аймгийн  DBS телевиз үйл явлыг газар дээрээс нь дамжууллаа. Тус телевизийн мэдээлснээр "Нэг агуулах дэлбэрсэн. Галын нөлөөгөөр хажуугийн нөөцийн сав дахин дэлбэрч болзошгүй байгаа тул аюулгүй байдлыг хангаж хүмүүсийг талбайгаас гаргаж байна" хэмээсэн юм. 

Зургийг "Дархан-Уул аймаг" цахим хуудаснаас ашиглав

Одоогоор Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Тус аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал "Тухайн 2000 тонны багтаамжтай сав 650 орчим литр шатахуунтай байжээ. Энэ нь 10-12 цагийн хооронд шатаж дуусах бөгөөд нэг аймгийн Онцгой байдлын анги унтрааж дийлэхгүй. Тиймээс Сэлэнгэ аймгаас нэмэлт хүч ирсэн, Улаанбаатараас мөн ирж байгаа.

Гэхдээ галыг унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хүчин чадлаар  унтраах боломжгүй. Тиймээс Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан нааш хөдөлсөн.

Галд шатсан нөөцийн савнаас 30 метрийн зайд тус бүр нь 400 литр шатахууны багтаамжтай зургаан сав бий. Эдгээрийг халахаас сэргийлж хөргөх арга хэмжээ авч байна. Салхины чиг аюулгүй байгаа учраас иргэд сандрахгүй, тайван байхыг зөвлөж байна" гэлээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн  DBS телевиз