Ч.Жаргалсайхан: Төсөвт тусгасан асуудлыг шаардлага нэрээр оруулж ирээд улс төр хийж байгаад харамсаж байна /ВИДЕО/

Ч.Жаргалсайхан: Төсөвт тусгасан асуудлыг шаардлага нэрээр оруулж ирээд улс төр хийж байгаад харамсаж байна /ВИДЕО/

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Тэгвэл эдгээр өдрүүдэд орон нутгийн төсвийг хэлэлцэж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн ИТХ дахь намын бүлгүүд 2023 оны төсвийн төслөө хэлэлцэж байгаа юм. Уг асуудлаар бид Өмнөговь аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ч.Жаргалсайханаас аймгийн төсвийн төслийн талаар зарим нэгэн зүйлийг тодрууллаа. 

ВИДЕО:

-Өмнөговь аймгийн ИТХ-аар 2023 оны төсвийг хэлэлцэх гэж байна. Танай аймгийн хувьд ирэх оны төсвийн төслөө хэрхэн төсөөлсөн байгаа бол?

-Маргааш буюу 2022 оны арванхоёрдугаар сарын нэгний өдөр Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болно. Энэ хуралдаанаар ирэх оны Өмнөговь аймгийн Хөгжлийн төлөвлөгөө, 2023 оны төсвийг хэлэлцэн батална. Өнөөдөр АН-ын бүлэг эдгээр асуудлыг хэлэлцлээ. Бид ирэх оны төсвийн төслийг таван үндсэн чиглэлд ач холбогдол өгч боловсруулсан.

  • Нэгдүгээр, орон нутгийн төсөвт байгууллагын ажилтан албан хаагчдын цалинг 100 хүртэл хувиар нэмэгдүүлэх, улсын төсөвт байгууллагуудын ажилтан, албан хаагчдад олгох “Нутгийн дэм хөтөлбөр”-ийн хэмжээг нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдад сар бүр 400 мянган төгрөг олгохоор АН-ын бүлэг санал нэгдээд аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэх гэж байна.
  • Хоёрдугаарт, Өмнөговь нутгийн хүүхдийн эрүүл мэнд, залуучуудын ажиллаж амьдрах нөхцөлийг дээшлүүлэх чиглэлд анхаарна. Тодруулбал, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны зардлыг 50 хувь, аймгийн хэмжээний ЕБС-ийн дотуур байрны хүүхдүүдийн хоолны зардлыг 100 хувь нэмэгдүүлэхээр төсөвтөө тусгасан.
  • Гуравдугаарт, Өмнөговь аймгийн иргэдийн орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд аймгийн хэмжээнд борлуулагдаж байгаа орон сууцны үнийг хямдруулах, тогтворжуулах чиглэлд бодлого боловсруулсан.
  • Дөрөвдүгээрт, орон нутгийн чиглэлийн замыг барьж байгуулна. Өмнөговь аймгийн аймгийн хөндлөн чиглэлийн замыг барьж дуусгахаар ажиллаж байгаа бол босоо чиглэлийн замыг барьж байгуулахаар төсөвт тусгасан.
  • Тавдугаарт, Иргэдийнхээ тайван, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр гэр хорооллын айл өрхүүдийн хашаанд цэвэр, бохир усны шугамыг оруулахаар мөн төсөвт тусгасан байгаа. Өнгөрсөн жил магистрал шугам тавих ажлыг хийсэн.

-Өмнөговь аймаг төсвөө хэрхэн бүрдүүлдэг юм бол?

-Өмнөговь аймаг 600 гаруй тэрбум төгрөгийн төсөв бүрдүүлэхээр байгаа. Үүний талаас илүү хувийг буюу 300 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт бүрдүүлж өгнө. Аймгийн төсвийн голлох төсвийг орон нутгийн “Тавантолгой” ХК бүрдүүлдэг. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвараас бүрдүүлдэг байгаа. УИХ болон Засгийн газар ирэх оны төсвийг өөдрөгөөр төсөөлж байгаа ч бидний хувьд ковид цар тахлын асуудал зэргээс эрсдэлийг тооцож болгоомжтой хандаж байна.

-Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр аймгийн Засаг дарга болон ИТХ-ын АН-ын бүлэгт албан шаардлага хүрүүлсэн байсан. Тухайн шаардлагыг хүлээн авах боломжтой харагдаж байна уу?

-Төсөв хэлэлцэж байгаа энэ үед МАН-ын хорооноос улс төрийн өнгө аястай үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж байна. Тухайн намын хорооноос аймгийн ирэх оны төсвийн төсөлд тусгасан асуудлыг шаардлага нэрээр оруулж ирээд улс төр хийж, ард түмнийг буруу мэдээллээр хангаж, иргэдийг хооронд нь талцуулан мэдээлэл цацаж байгаад үнэхээр харамсалтай байна. МАН-ын хорооноос тавьж байгаа шаардлагын зарим зүйл заалт нь аль хэдийнэ төсөвт тусгагдсан байгаа. Тодотговол, дээр дурдсанаар цэцэрлэгийн хүүхдүүдийн болон сургуулийн дотуур байрны сурагчдын хоолны зардлыг нэмэгдүүлэх, төрийн захиргааны болон, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх гэх мэт асуудал нь тооцоо судалгааг нь хийгээд төсөвт тусгаад төслөө МАН-ын бүлэгт гардуулж өгч, хэлэлцэгдэж байхад шаардлага гэх зүйлээр энэ асуудлыг оруулж ирж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм.




Өнөөдөр хонь өдөр

51 минутын өмнө