Ц.Алтансүх: Гэр хорооллын 200 мянган өрхийг гал алдуулах нөхцөлд хүргэхгүй. Шахмал түлшний нөөц хангалттай байгаа

Ц.Алтансүх: Гэр хорооллын 200 мянган өрхийг гал алдуулах нөхцөлд хүргэхгүй. Шахмал түлшний нөөц хангалттай байгаа

“Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлшний нөөцгүй боллоо гэх ташаа мэдээлэл гарах болсонтой холбогдуулан "Тавантолгой түлш" ХХК-ийн ерөнхий инженер Ц.Алтансүх мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Олон нийтийн сүлжээгээр сайжруулсан шахмал түлшний нөөцгүй болсон талаар ташаа мэдээлэл түгээд байна. Манай үйлдвэр одоогоор нийт 120 мянган тонн шахмал түлшийг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нөөцөлсөн. Гурван үйлдвэр өдөрт 2300-2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Ирэх сард дахин хоёр шугам нэмж ашиглалтад оруулна.

Манай үйлдвэрийн хувьд энэ өвөл гэр хорооллын 200 мянган өрхийг гал алдуулах нөхцөлд хүргэхгүй. Шахмал түлшний нөөц хангалттай байгаа. Нийслэлийн хэмжээнд одоогоор 97 агуулахад 110 мянган тонн түлшний нөөц бий. Түлшний гол түүхий эд болох миддлинг 330,000 орчим тонн, барьцалдуулагч 12,500 тонныг нөөцөлсөн.

Түүнчлэн манай гурван үйлдвэрт МХЕГ-аас бүтээгдэхүүний чанар, стандартад тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Мөн импортоор шахмал түлш оруулж ирэн борлуулсан тохиолдол байхгүй. Дотооддоо үйлдвэрлэсэн түлшээрээ гэр хорооллын өрхүүдийг тасралтгүй ханган ажиллаж байгаа" гэв.