Тендэр будилуулж, 1,1 тэрбум төгрөг завшсан гэх Н.Алтанхуяг гишүүний зөвлөх асан М.Тулгад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ

Тендэр будилуулж, 1,1 тэрбум төгрөг завшсан гэх Н.Алтанхуяг гишүүний зөвлөх асан М.Тулгад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ

АТГ-аас тендэр будилуулж, 1,1 тэрбум төгрөг завшсан УИХ-ын гишүүний зөвлөхийн хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар энэ сарын 14 /2022.11.14/-ний өдөр мэдээлсэн билээ. 

Тодруулбал, “Т” нь УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан, улсын төсөвт нийт 1,1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шижлүүлсэн байдаг.

Тэгвэл тендэр будилуулж, улсын төсөвт 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх УИХ-ын гишүүний зөвлөх "Т" гэж хэн бэ, тэрбээр хэрхэн улсад нэг тэрбум төгрөгийн хохирол учруулав гэдгийг бид эрэн сурвалжиллаа. Уг хэргийг үйлдсэн гэгдэж буй Т нь 2010-2014 онд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хууль, эрх зүй боловсруулах асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга ажээ. 

-ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ, СПОРТ ТАЛБАЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ТЕНДЕРЭЭС 1,1 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭЖЭЭ-

Тэрбээр "2010 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Улсын их хурлын гишүүний зөвлөхөөр томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий “Ардааган”ХХК, “Алтантэнгэр” ХХК, “ХБО” ХХК, “Комфорт импекс” ХХК-ниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд “Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулж, өөрийн садангийн хүн болох “Кон-Инженерс” ХХК-ийн захирал Б.Онхоор нийт 31 байршилд хүүхдийн тоглоомын талбай, спорт талбайн зураг төслийг, иргэн Ж.Зундуйгаар бичил паркийн зураг төслийг тус тус гаргуулан өгч, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах” замаар нөлөөлж, улмаар үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулж, нийт 4 тэрбум 374 сая 544 мянга 354 төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээг байгуулж, 4 тэрбум 084 сая 172 мянга 065 төгрөгийн санхүүжилтийг авч, 2012 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд тендерийн ажил үйлчилгээг 2 тэрбум 979 сая 123 мянга 876 төгрөгийн ажил гүйцэтгэж, “Барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэж өгөх тухай” актаар хүлээлгэж өгч, улсын төсөвт нийт 1 тэрбум 105 сая 048 мянга 189 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ. Уг хэргийг өнгөрсөн жил буюу 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд түүнтэй хамт яллагдагчаар татагдсан Э.Төмөрбаатар, Н.Эрдэнэ-Очир, Б.Самбуу нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн цагаатгасан байна. Харин М.Тулгыг гэм буруутай гэж дүгнэсэн ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

-М.ТУЛГАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ШИЙДВЭРЛЭСЭН НЬ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХЭМЭЭН ДАХИН ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР БУЦААЖЭЭ-

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг мөн оны арванхоёрдугаар сарын 9-ны өдөр хэлэлцээд “Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, М.Тулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангаагүй” гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.  Улмаар анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт хүргүүлсний дагуу АТГ дахин хийсэн шалгалтын ажиллагаа дууссан учир ийнхүү дахин шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт буцаасан байна.

-М.ТУЛГА: АТГ-ААС БЭЛДСЭН ЦААСАН ДЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГӨӨД, ГАРЫН ҮСЭГ ЗУРЧААД ЯВ, ЧАМД МӨНГӨ ӨГНӨ ГЭЖ ХЭЛСЭН-

Харин уг хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Тулга "АТГ-аас намайг дуудаж гэр бүлийг чинь маргааш Америк явуулая, чи бидний бэлдсэн цаасан дээр мэдүүлэг өгөөд, гарын үсэг зурчаад яв, чамд мөнгө өгнө гэсэн. Сая, сая ам.долларын мөнгө яригдсан шүү. Ингэж хэрэг мөрдөж болдог юм уу" гэдгийг тухайн үед хэлж байсан байдаг юм. Ямартай ч 2014 оноос хойш шат шат шүүхээр хэлэлцэгдэж, улмаар өдгөө хэрэг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт очоод буй уг хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар бид эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө