Б.Батхишиг: ДАШТ-нээс хүрэл медалийн болзол хангаад өөртөө итгээгүй ч, нулимс өөрийн эрхгүй урсаж байсан /ВИДЕО/

Б.Батхишиг: ДАШТ-нээс хүрэл медалийн болзол хангаад өөртөө итгээгүй ч, нулимс өөрийн эрхгүй урсаж байсан /ВИДЕО/

Өнөөдөр "Монгол бахархлын өдөр". Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж эхлээд буй паурэлифтингийн залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болоод буй пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, спортын мастер Б.Батхишигтэй ярилцлаа.

ВИДЕО:

-Пауэрлифтингийн спортод анх хэзээнээс хөл тавьсан талаараа яриагаа эхлүүлье?

-2021 оны намраас биеэ галбиржуулах зорилгоор фитнес зааланд төмөр өргөж эхэлсэн. Үүнээс өмнө жүдо бөхийн спортоор хичээллэж байсан. Харин ковид цар тахлын хөл хорионы үеэр гэртээ тоног төхөөрөмж байршуулаад пауэрлифтингийн бэлтгэлийг эрчимтэй хийсэн.

-Анх ямар тэмцээнээр амжилтын гараагаа эхэлж байв?

-Энэ жилийн пауэлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн миний анхны тэмцээн байсан. Анхны тэмцээнээсээ мөнгөн медаль хүртсэн амжилт маань надад их урам зориг өгсөн. Бас энэ тэмцээнээс мөн ДАШТ-д оролцох эрхээ авсан. Наймдугаар сард болсон Залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль авсан нь миний спортын замнал дахь хамгийн өндөр амжилт болоод байна.

-Жүдо бөхөөр хичээллэж байсан танд пауэрлифтингээр хичээллэхэд ямар ялгаа гарсан бэ?

-Энэ хоёр спорт адилхан хүчний спорт боловч жүдо нь хүнтэй тулж өрсөлддөг бол пауэрлифтинг нь өөртэйгөө өрсөлддөгөөрөө ялгаатай. Би жүдо болон пауэрлифтингийн спортоор спортын мастер цолтой болсон их азтай хүн.

Б.Батхишиг

-Та хэн багшийн удирдлага дор хичээллэж байна бэ. ДАШТ-нд анх оролцож байгаа хүний хувьд сандрал, түгшүүр байсан болов уу?

-Багш маань дэлхийн аварга Х.Энхболд гэж мундаг тамирчин байдаг. Туршлагатай дасгалжуулагч учраас миний бэлтгэл сургуулилтыг хангалттай хэмжээнд хийлгэсэн. Тиймээс би маш тайван байсан. Багштайгаа зөвлөлдсөн нь амжилт үзүүлэхэд том ахиц болсон гэж боддог. 

-Дэлхийн медальтан болох үед хамгийн түрүүнд юу бодогдож байсан байв?

-Хүрэл медалийн болзол хангаад өөртөө итгээгүй. Гэсэн ч нулимс өөрийн эрхгүй урсаад байсан. Орой нь хүртэл нойр хүрэхгүй их сонин байсан шүү /инээв/. Баярын мэдээгээ аав, ээждээ хамгийн түрүүнд дуулгахаар залгатал тэд маань миний өргөлтийг лайваар үзээд медалийн болзол хангасныг мэдсэн байсан учраас шууд л баяр хүргээд, охиноороо бахархаж байна гээд уйлж байсан. 

-Уучлаарай тухайн үед медалийн өнгөө хувиргах боломж байсан болов уу?

-Уг нь байсан. Би эндээс явахдаа их ядарсан. Нуулгүй хэлэхэд бэртгэлтэй явсан. Бэлтгэл дээр өргөж байсан жингээ ДАШТ-ийн үеэр өргөж чадаагүй дээ харамсаж байсан.

Б.Батхишиг

-Эмэгтэй хүний хувьд пауэрлифтингийн спортоор хичээллэх нь мэдээж амаргүй байх. Энэ спортыг сонгоход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай гэр бүлийнхэн намайг дэмждэг. Жүдогоо орхиод пауэрлифтинг руу ороход огтхон ч татгалзаагүй. Миний охин чаднаа л гээд дэмжсэн. Ямар ч спорт тэсвэр хатуужил, сэтгэл зүйн хаттай болгодог. Энэ спортоор хичээллэснээр өөртөөгөө маш сайн ажиллаж сурч байгаа. 

-Таны зорьж буй дараагийн тэмцээн?

-Арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрүүдэд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн. Би тэмцээний эхний өдөр өргөлтөө гүйцэтгэнэ. Оны дараа ДАШТ-д оролцох бодолтой байгаа.

-Таны гэр бүлд спортоор хичээллэж байсан хүн бий юу. Ер нь жүдо, пауэрлифтингийн спортоор хичээллэхэд юу нөлөөлсөн бол?

-Аав талд бөхчүүд олон байдаг. Гэхдээ төмөр өргөж байгаа нь ганцхан би. Миний хувьд Увс аймгийн Тэс сумынх. Тэсийн голын хөвөөн дээр хөдөө айлын эрэгтэй хүүхдүүдтэй тоглож өссөн минь энэ бүхэнд нөлөөлсөн байх гэж боддог. Би ер нь их эршүүд ш дээ. 

Б.Батхишиг

-Жүдо бөхөөр хичээллэж байсан тамирчин хүний хувьд буцаад энэ спорт руугаа орох бодол байгаа юу?

-Бодол байгаа. Гэхдээ цаг нь арай болоогүй байна. Ер нь жүдо бөхөө үе үе маш ихээр боддог.

-Та бэлтгэл сургуулилтаа хийхийн зэрэгцээ сурдаг гэсэн. Ямар чиглэлээр сурч байна?

-Би МУБИС-ийн Биеийн тамирын багшийн ангид сурч байгаа. Одоо гуравдугаар курсын оюутан.