Э.Шижир: Ямар ч тайлбаргүй "хашаа"-наас хөөж гаргачхаад, уулзахгүй зугатаад байх нь төр, хувийн хэвшлийн сайн түншлэл биш

Э.Шижир: Ямар ч тайлбаргүй "хашаа"-наас хөөж гаргачхаад, уулзахгүй зугатаад байх нь төр, хувийн хэвшлийн сайн түншлэл биш

“Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Тус хууль нь хувийн байгууллагуудын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ, өнгөрсөн хугацаанд төр өөрөө хэр сайн түншлэгч байж чадсан бэ гэдэг асуудлаар “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижиртэй ярилцлаа. “Кью Эс Си” компанийн хувьд төртэй хамтран “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д концессын гэрээг хэрэгжүүлж байсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газраас шийдвэр гаргаж гэрээг нь цуцалсан. Э.Шижир захирлын хувьд төр өөрөө түншлэлийн зарчим, харилцаа, ойлголтыг эвдэж хувийн хэвшлийг хохироодог гэх агуулгыг тус ярилцлагаар илэрхийлсэн юм.

ВИДЕО: 

-ЗААВАЛ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ХУУЛИЙГ БАТЛАХГҮЙГЭЭР ӨМНӨ НЬ ХЭРЭГЖИЖ БАЙСАН КОНЦЕССЫН ХУУЛИА ЗАСЧ, САЙЖРУУЛААД ЯВЖ БОЛОХ БАЙСАН-

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Та хувийн хэвшил удирдаж буй хүн. Тиймээс тус хуультай танилцаж үзэв үү. Тус хуулиар төр та бүхэнтэй сайн түншилж чадахаар байна уу?

-Монголд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн орчныг  таатай болгох, гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилготойгоор тус хуулийг хэлэлцэж байна гэж ойлгосон. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг нь ИТГЭЛЦЭЛ. 20-30 жилийн хугацаанд тогтвортой, итгэлтэйгээр хамтарч ажиллаж итгэлцлийг бий болгох зорилгоор төр, засаг маань ажиллаж байгаа байх. Өмнө нь 2009 онд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг УИХ-аас баталж, энэ хүрээнд хууль эрх зүйн орчноо сайжруулахаар “Концессын хууль”-ийг баталсан. Энэ хүрээнд бид “Уул, уурхай металлургийн цогцолбор барьж, байгуулах” төслийг 30 жилийн хугацаатайгаар Концессын хуулийн дагуу эхлүүлж байсан. Тэр гэрээний хугацаа гуравны нэгдээ ч хүрээгүй байхад хууль эрх зүйн орчныг нь бүрэн өөрчлөх гэж буй нь буруу юм болов уу гэж бодож байна. Мэдээж Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд хэрэгтэй зүйл олон байна.

Тэр сайн заалтуудыг Концессын хуульд нэмж оруулчихвал нэгэнт баталсан хуулиа урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлж чадна гэж харж байгаа юм.Өөрөөр хэлбэл, хуулийн нэрийг бүтэн өөрчлөх шаардлагагүйгээр шүү дээ. 

Өмнө нь батлагдсан Концессын тухай хуульд “барих, шилжүүлэх” гэдэг концессын төрлүүд байсан. Үүнийг одоогийн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулахгүй юм байна лээ. Тодруулбал, үүгээр цаашид ажил явагдахгүй болж байна. Яахав, энэ нь байдаг бөгөөд ашиглаж болох хэлбэр. Энэ хэлбэрийг гажуудуулж маш олон төсөл хөтөлбөрийг явуулснаас болоод концессын үйл ажиллагаа “муухай” гэдэг ойлголтыг нийгэмд өгсөн. Тэгэхээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар энэ агуулгыг хасах гэж буй нь зөв. Энэ мэт алдаатай зүйлийг засч буй нь зөв юм. Угтаа бол тус алдаатай заалтыг Концессын хуулиас хассан бол “болчих байсан юм биш үү” гэж хэлэх байна.

Концессын хууль хэрэгжсэн 10 жилийн хугацаанд концессын асуудлыг эрхэлсэн байгууллагууд маш олон удаа солигдсон.

Анх бол Хөрөнгө оруулалтын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар хариуцаж байсан бол одоо Эдийн засгийн хөгжлийн яаманд харьяалагдаж байна. Энэ цаг хугацаанд түншлэлийн нэг талын байгууллагууд байнга солигдож өөрчлөгдөж ирсэн. Тиймээс үүнийгээ дагаад төслийн ач холбогдлыг ойлгож мэдэх хугацаа нь өөрчлөгдөөд байдаг. Харин энэ асуудлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулинд тусгахдаа “Энэ асуудлыг хариуцсан тусдаа нэгж байгуулна” гэсэн байна. Түншлэлийн асуудлыг хариуцсан тогтвортой нэгж байгуулах  гэж буй нь зөв. Гэхдээ энэ санаагаа заавал шинэ хуулиар хэрэгжүүлэх бус өмнөх хуулинд оруулж өгч болно гэж харж байгаа. Хуучин хуулиа засч сайжруулаад явбал гадна талдаа итгэл үнэмшил төрүүлнэ нь шүү дээ. 

“Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир

-Тус хуулийг боловсруулахдаа хувийн хэвшлийн санал, санаачилга дуу хоолойг хэр сонссон бэ. Нэгэнт энэ хууль батлагдвал та бүхэн юуг хүлээж байна?

-Өмнөх Концессын хуулиар хэрэгжүүлсэн манай ажлыг цуцалсан. Цуцалсан энэ процесст бид шүүхээр маргаан үүсгэсэн. Үүнтэй холбогдуулаад төр , захиргааны байгууллагууд  концессын асуудал хариуцсан хүмүүс нь эргээд бидэнтэй уулзахгүй, гэрээг дүгнэх ажлыг хийхгүй байгаа. Уг нь бид гэрээний нөгөө тал буюу түншлэгч байгууллага шүү дээ. Концессын гэрээ цуцлагдсанаас хойш долоон сарын хугацаа өнгөрсөн. Ийм байхад тус асуудлаар ярихгүй байгаа нь түншлэлийн муу хэлбэр гэж ойлгож байна. Хууль батлагдаж болно. Гэхдээ хэрэгжилтэд маш сайн анхаарах ёстой. Учир нь хэрэгжих шатанд гол асуудлууд гардаг. Төсөлтэй холбоотой цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн асуудлууд байна гэдгийг бид өнгөрсөн хугацаанд олон удаа ярихад анхаарал хандуулдаггүй байсан. Эцсийн дүндээ гэв гэнэт гарч ирснээ асуудлаа ярихгүйгээр шууд гэрээг цуцалж байна. Өмнөх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг одоогийнхтэй харьцуулбал тэс өөр.

Үйл ажиллагаа, цар хүрээ, потенциал, үйлдвэрлэлийн хүчин чадал тэс өөр болсон. Бид нар шаардлагатай дэд бүтцийг хийчихсэн байхад зүгээр л байж байсан зүйлээ авч байгаа юм шиг хандлага гаргаж буй нь түншлэлийн сайн хэлбэрийг харуулахгүй байна шүү дээ.

Тэгэхээр хичнээн сайн хууль батлагдсан ч хэрэгжилтэд анхаарч жинхэнэ түнш байхын тулд гэрээ байгуулсан байгууллагатайгаа уулзаж, ярилцдаг тогтолцоогоо бий болгох хэрэгтэй.

-АНХ ӨГЧ, АВАЛЦАХДАА АКТ ҮЙЛДЭЖ БАЙСАН. ГЭТЭЛ БУЦААГААД АВАХ БОЛОХООРОО БҮХНИЙГ ТАС ЗОХИЖ ЗОГСООГООД ХӨӨЖ ГАРГАЖ БУЙ ТҮНШЛЭЛИЙН МУУ ХЭЛБЭР -

-Одоо бол ярилцахгүй байна. Тийм үү?

-Тийм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр бид нарыг үйлдвэрийн хашаанаас хөөж гаргасан. Түүнээс хойш нэг ч уулзалтыг хийгээгүй. Тэгсэн атлаа “Шалгаадах, буруутгаадах” гэЖ АТГ-г шахсан хандлагаар хандаад буй юм шиг санагдаад байна. Үйл явдлуудыг харахад тэгэж дүгнэхэд хүргэж байна. Концессын асуудал хариуцсан Эдийн засгийн хөгжлийн яам, салбар хариуцсан Уул, уурхайн хүнд үйлдвэрийн яам, Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь уулзаж болно шүү дээ. Түншилж байсан юм чинь тэднийг уулзаж болох, ярилцах хүмүүс гэж хараад байна. Гэтэл нэг нь ч уулздаггүй.

-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төр, хувийн хэвшилтэй ажил булаацалдахгүй” гэж удаа дараа мэдэгдсэн. Гэтэл бодит нөхцөл байдал түүний хэлсэн шиг биш байна. Хэрвээ төртэй уулзвал та бүхэн юу ярих вэ?

Энэ ажлаа цааш яаж явуулах юм бэ гэдгийг ярина. Бид нартай эсвэл бид наргүй явуулах юм уу гэдгийг ярилцмаар байна. Угтаа хамт явъя гэдэг гэрээтэй байсан шүү дээ. Гэтэл гэрээгээ цуцалсан. Ямар шалтгаанаар цуцалсан гэдгийг яримаар байна.

Мөн манай компани асар их хөрөнгө оруулалт хийж, цаг хугацаа зарцуулсан.  Тийм байхад биднийг гаргах гэж буй бол өнгөрсөн хугацаанд бидний бүтээсэн ажлыг ямар журмаар яаж өгч, авалцах юм гэдгээ тодорхойлоод өгчих хэрэгтэй.

Гэтэл огт тийм ажил хийгдэхгүй байна. Хашаанаас хөөгөөд л гаргачихсан. Тэр хашаанд бидний хийсэн, бий болгосон зүйл бий. Тэгэхээр авах, өгөх зүйлээ ярилцаж тооцоо нийлээд бүр салчихмаар байна. Үгүй бол “Ажил ингэж явагдахаар байна. Бид нартай ажиллахаар бол цаашдаа ингэж явъя” гэж хэлж болж байгаа юм. Асуудлаа ярилцаж ажлаа дүгнээд явах, явахгүйгээ тохирдог түншлэлийн энгийн л харилцаа шүү дээ. Энэ харилцааг хийхгүй хаячихаж байгаа нь гамшиг болчхоод байна.

-Таны зүгээс хүсэлт тавиад байдаг?

-Дээрх байгууллагууд руу уулзах асуудлаар удаа дараа хүсэлт тавьсан. Хариу байхгүй. Уул, уурхайн металлургийн цогцолбор төслийн хүрээнд гангийн үйлдвэр барих асуудлаар олон ажлыг явуулж байсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж буй шинэ хүмүүс бидэнтэй мэдээлэл солилцохгүйгээр цааш ажиллах боломжгүй гэж би бодож байгаа. “Ийм туршилт, судалгаа хийгдэж байсан шүү. Ингэж үргэлжлүүлээрэй” гэх мэт ярих зүйл олон бий. Гэтэл тас цохиод л ажлыг зогсоосон. Бид анх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг хүлээж авахад өглөг, авлага өр шир нь тодорхой байсан бөгөөд хүлээж өгч, авалцсан акт үйлдэж байлаа.

Гэтэл буцааж болохоороо зүгээр л хашаанаасаа хөөгөөд гаргачихдаг. Үгүй ядаж хүлээлцэх ажил хийгдэх ёстой шүү дээ. Ийм зүйлгүйгээр асуудалд хандаж байгаа нь буруу юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн хэрэгжилтэд анхаараасай. Учир нь хэрэгжилтэд алдаа гарч, түншлэлийн харилцаанд асуудал үүсээд байна. Асуудалд бодитоор хандахгүй байна.

“Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир

-ӨР ТАВИХГҮЙГЭЭР АЖИЛЛАДАГ КОМПАНИ БАЙДАГ ЮМ УУ. БИД БҮХ ЭРСДЛЭЭ ҮҮРЭЭД ЯВЖ БАЙХАД ӨӨРСДӨӨ ТАСДАЖ АВНА ГЭЭД Л АВСАН. ОДОО ХИЙСЭН ЗҮЙЛИЙГ МИНЬ ЯРИХГҮЙ ХАРЛУУЛАХ ӨНЦГӨӨС Л ТАЙЛБАР ХИЙДЭГ-

-Өнгөрсөн долоо хоногт “Кью Эс Си” компанитай холбоотой шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тодруулбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт  шалгалтын дүнг Ерөнхий сайдад танилцуулсан. Шалгалтаар тус үйлдвэр нь хууль тогтоомжуудыг мөрдөж ажиллаагүй, их хэмжээний өр төлбөртэй, хуримтлагдсан алдагдалтай гэсэн дүн гарсан гэсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Шалгалт хийгээд дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэсэн мэдээлэл байсан. Хяналт, шалгалтыг хийж болно. Бид нарыг ажиллуулж байхад ч байнга шалгаж байсан.Гэхдээ биднээс асуухгүйгээр ямар шалгалт хийж байгаа юм бол... гайхаж байна.

Компани өр, зээл тавьж үйл ажиллагаа явуулдаг. Ер нь маш олон эрсдлийг дааж явдаг. Тэр өр зээлийг бид л хариуцаж байсан шүү дээ. "Кью Эс Си" компани бүх хариуцлагыг үүрээд явж байтал өөрсдөө тасдаж авна гээд л авсан. Гэхдээ яаж авах юм, тэнд юу байгаа юм, ямар учиртай үүссэн өр юм гэдгийг ярилцаагүй.

Хамгийн гол нь нөгөө талд үйлдвэрлэлийн хүчин чадал бий болчихсон. Түүнийг ярихгүй байна. “Өө эд нар ийм хүчин чадалтай үйлдвэр барьсан байна. Борлуулахад бэлэн өчнөөн бүтээгдэхүүнийг бий болгожээ” гэдгийг ярихгүйгээр харлуулах өнцгөөс л ярьж байна. Ямарваа нэгэн хяналт, шалгалтыг явууллаа гэхэд "Кью Эс Си" компаниас тодруулж асуучхаад цааш явах ёстой шүү дээ. Ер нь аудитын үйл ажиллагаа тэгэж л явагддаг. Ингэхгүйгээр өөрсдөө шалгаж, дүн гаргачхаад Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэж буйг ойлгохгүй байна.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т  анх хөрөнгө оруулж эхлэхээс өмнө буюу 2009 онд 40 тэрбум төгрөгийн бланстай үндсэн хөрөнгө нь 14 тэрбум төгрөг л байсан. Харин өнөөдөр 600 тэрбум төгрөгийн активтай компанийг биднээс хүлээж авчхаад “Энэ өртэй. Хамаг ажил балласан” гэж ярьж байна.

-"Кью Эс Си" компани Хөгжлийн банкны өрөө төлсөн. Одоо шүүхийн маргаантай байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Засгийн газраас концессын гэрээг цуцалсантай холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Нотлох баримтууд гаргах  зэрэг процесстой холбоотойгоор үндсэн маргааны шүүх хурал одоо хүртэл хуралдаагүй байна. Бидний зүгээс аль болох хурдан асуудлыг шийдэх сонирхолтой байна. 6-7 сар болсон байхад үндсэн хурлаа хийж чадаагүй л явж байна.