Идэш тэжээлийн хомстлоос үүдэж баавгай уулнаас бууж, хүн суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол сүүлийн үед Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгуудад нэмэгдэж байна. Өмнө нь 1966, 1980 онд ийнхүү иргэдийн сууршилийн бүс рүү баавгай олноор орж ирэх, иргэд рүү дайрах тохиолдол гарч байжээ. Үүнийг мэргэжилтнүүд “баавгай хорхойсох буюу хоол тэжээлийн хомстолд орох” гэж нэрлэдэг байна.
Тэгвэл манай зарим иргэд баавгайтай таарч, түүний зүүн урд хөлийг нь дөнгөлөөд, биеийг нь загас барьдаг бололтой тороор ороож байгаа бичлэг сошиал орчино ил болоод байна.
Манай улсад хүрэн баавгай нэн ховор амьтны тоонд ордог бөгөөд, тус амьтныг агнах нь хуулиар хориотой. Харин саяхан Сэлэнгэ аймагт хоёр хүн баавгайд бариулсан тохиолдол гарсан бөгөөд хүн рүү баавгай дайрсан онцгой тохиолдолд тус амьтан руу буудах зөвшөөрөл олгосон гэсэн мэдээлэл бий. Харин Дорнод аймагт нэгэн айлын мал руу баавгай орсон учир тус малчин баавгайг буудсан гэсэн хэргээр Цагдаагийн байгууллага шалгагдаж байгаа юм.