Маргааш худалдаа эрхлэгч ээж, эмэгтэйчүүд нүцгэн жагсаал зохион байгуулна

Маргааш худалдаа эрхлэгч ээж, эмэгтэйчүүд нүцгэн жагсаал зохион байгуулна

Маргааш/2022.03.08/ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй. Уг өдөр "Иргэдийн шударга шүүх”, “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас ээжүүд, эмэгтэйчүүд, худалдаачдынхаа эрх ашгийг хамгаалж, “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” сэдэвт эсэргүүцлийн нүцгэн жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн билээ.

“Монголын худалдаачдын холбоо” ТББ-ын төлөөлөлөөс өмнө нь энэ талаар мэдээлэхдээ “Бид 2017, 2018 онуудад ээжүүдийн нүцгэн жагсаалыг зохион байгуулж байсан. Одоо гурав дахь жагсаалаа зохион байгуулах гэж байна. Бид төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдуудад байнга шаардах хуудас хүргүүлдэг. Худалдаачдын нийгэм, эдийн засгийн байдал доройтоод байна. Худалдаачдад бодлого хэрэгтэй байна. Төр засгаас биднийг дэмжээч ээ. Дэмждэггүй юмаа гэхэд ядаж түрээсийн зээл, өндөр хүүтэй ББСБ-ын зээл, торгуулиар худалдаачдаа дарамтлахаа болиоч ээ гэж. Тийм учраас бид гуравдугаар сарын 8-нд дараа дараагийн томоохон жагсаал, цуглаанаа зохион байгуулж байгаа юм аа.

Үүнээс гадна манай Монголын худалдаачдын холбоо ТББ гуравдугаар сарын 7-ны өдөр ээлжит бага хурлаа зохион байгуулна. Уг хуралд худалдаачид та бүхэн идэвхтэй оролцож өөрсдийн нийгэм эдийн засгийн баталгаагаа хангахын төрөөс шаардаж, бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэж байв.