Уулзаж байсан эмэгтэйгээ “Салсан эхнэртэй нь адилхан харагдлаа” гэх шалтгаанаар зодсон хэрэг Шүүхээр шийдэгджээ

Уулзаж байсан эмэгтэйгээ “Салсан эхнэртэй нь адилхан харагдлаа” гэх шалтгаанаар зодсон хэрэг Шүүхээр шийдэгджээ

Манай улсад гэр бүлийн хүчирхийллээс болж эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирох цаашлаад амь насаа ч алдсан харамсалтай хэргүүд цөөнгүй тохиолддог. Тэгвэл энэхүү үйлдлийн дийлэнх шалтгаан нь хардалтаас үүддэг байна.

Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар гэр бүл салалтын 60 хувийг энэхүү хардалт үүсгэдэг бөгөөд нэг ёсондоо хардалт бол сэтгэцийн өвчин гэж үздэг байна. Хардалт нь энгийн нэг ойлголт юм шиг боловч цаашлаад гарах хор уршиг нь маш том сүүдрийг дагуулдаг нь нууц биш.

Тэгвэл саяхан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт уулзаж байсан эмэгтэйгээ хардаж бүр “Өөрийнх нь салсан хуучин эхнэртэй нь адилхан харагдлаа” гэх шалтгаанаар гар хүрсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн уулзаж байсан эмэгтэй У-г “Миний хуучин салсан эхнэртэй минь адилхан харагдлаа” гэх шалтгаанаар алгадаж, эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хэрэгт холбогдож, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Тус хэргийг Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхээс тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн” гэжээ.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн гэмтлийн зэргийг 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна гэж үзсэн байна. Иймд шүүхээс А-г хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр болсон байна.