АТГ: Албан тушаалтнуудын ХАСХОМ шинэчлэн бүртгүүлэх ажил эхэллээ

АТГ: Албан тушаалтнуудын ХАСХОМ шинэчлэн бүртгүүлэх ажил эхэллээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны арванхоёрдугаар сарын 27-31-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 156 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 54 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Одоогоор ажиллагаанд 102 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж. 

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. 

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 43 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, долоон мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 36 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлэх ажил 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлжээ. Энэ ажил 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, түүний салбар нэгжийн эрх бүхий албан тушаалтан, мэдүүлэг гаргагч нараас ирүүлсэн тодруулга асуулт, хүсэлтийг тухай бүр шийдвэрлэн, арга зүйн зөвлөмжийг өгч ажиллаж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.