Засгийн газрын өнгөрсөн гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан. Энэ хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрт 150 сая төгрөгийн гэрээ, хэлэлцээр нууцаар хийгдсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр гараад байгаа юм.
Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгөв.
Тэрбээр "Үнэндээ "Эрдэнэт" үйлдвэрт онц дэглэм тогтоосон асуудал нь олон хүний эрх ашгийг зөрчиж байгаа. Өөрөөр хэлбэл, 400 орчим сая төгрөгөөр худалдан авалт хийчихсэн хүмүүсийн эрх ашгийг зөрчиж байгаа гэсэн үг. Мэдээж тэд онцгой дэглэмийг дахин сунгах асуудал яригдаж эхлэхэд иймэрхүү мэдээлэл гаргах нь ойлгомжтой. Гэхдээ энэ бол худал, ташаа мэдээлэл. Би мэдээллийг шалгуулахаар АТГ-т хандсан. Үнэхээр тийм зүйл байгаа бол Х.Бадамсүрэнд хариуцлага тооцно" гэлээ.