Өнөөдөр Хонг Конгоос гадагшаа нисэх Даваа гарагийн бүх нислэгийг цуцалж байгаагаа тус хотын олон улсын нисэх буудал зарлалаа.
Орон нутгийн цагаар 16:00 цагаас хойш гадагш нисэх бүх нислэгийг цуцлах болсон нь олон мянган тэмцэгчид нисэх буудлыг эзэлж, үйл ажиллагаанд саад учруулсантай холбоотой гэнэ. Зорчигч бүртгэлийн ажиллагаа нь нэгэнт дууссан гадагшаа чиглэлийн нислэгүүд болон Хонг Конгод ирэх нислэгүүд хэвийн үргэлжлэх ажээ.
Хонг Конгийн Лантау аралд оршдог дэлхийн хамгийн өндөр ачаалалтай нисэх буудлуудын нэгт тэмцэгчид дөрөв дэх өдрөө суулт хийж байна.
Ням гарагт Хонг Конгийн хэд хэдэн метроны өртөөнүүдэд цагдаа, тэмцэгчдийн хооронд мөргөлдөөн гарч, олон хүн бэртсэн юм. Нийтдээ 40 орчим хүн голдуу нүдэндээ гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдэж, нэг эмэгтэй хараагүй болсон нь өнөөдөр тэмцэл эрчимжихэд хүргэжээ.
Даваа гарагийн 15:00 цагийн орчимд олон мянган тэмцэгчид нисэх буудалд нэмэгдэж ирснээр зорчигчдыг үдэн гаргах танхим дүүрсэн байна.
Тэмцэгчдийн зарим нь “Харгис цагдаа нар бидний нүдийг буцааж өг!” гэсэн бичигтэй хуудас барьсан байжээ.
Эх сурвалж: South China Morning Post