Соёлын сайд С.Чулууныг огцруулах асуудлаар МАН-ын гишүүд Ерөнхий сайдад шахалт үзүүлж эхэлжээ

Соёлын сайд С.Чулууныг огцруулах асуудлаар МАН-ын гишүүд Ерөнхий сайдад шахалт үзүүлж эхэлжээ

Соёлын сайд С.Чулууныг огцруулах асуудлаар МАН-ын гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шахалт үзүүлж эхэлсэн тухай мэдээлэл байна.

Ерөөс С.Чулууныг огцруулах асуудал аль хоёр сарын өмнөөс МАН дотор яригдаж байсан бөгөөд энэ удаа илүү эрчимжжээ. Салбартаа нэр хүнд муутай, эрдэмтдийн эсэргүүцэлтэй тулгарсан, хүлээн зөвшөөрөгдөөгүй, соёлын хулгайн асуудалд нэр холбогдсон гээд түүнийг ээрэх асуудал олон. Энэ нь ч огцруулахад ихээхэн түлхэц үзүүлж байгаа гэх. 

Гэхдээ энэ удаа "Хүүхдийн төлөө фонд"-ыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран байгуулж, хандив цуглуулсан нь огцруулах гол үндэслэл болж буй бололтой. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хүүхдийн төлөө сан" байгуулах санаачилга гарган, Засгийн газрын гишүүдэд үүрэг өгсөн байсан. Ингэхдээ Ерөнхийлөгчид мөн дуулгасан байсан гэх мэдээлэл байгаа юм. Гэтэл Соёлын сайд С.Чулуун Ерөнхийлөгч Х.Баттулгатай нийлж давхардуулан "Хүүхдийн төлөө фонд" нэртэй ТББ байгуулж, гүйцэтгэх нь захирлаар дэд сайд М.Батбаярыгаа томилж ажиллуулсан нь ийнхүү  МАН-ынханы дургүйг хүргэжээ. 

Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа байр, сууриа илэрхийлэхдээ "Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгосон байна. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар ТББ байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс. Энэ ТББ-д өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино" гэсэн юм.  Түүнээс гадна өөр бусад гишүүд ч байр, сууриа илэрхийлсэн байдаг. Ямартай ч Улсын төв архивын баримтыг БНХАУ-д хуулбарлаж өгсөн, Засгийн газрынхаа эсрэг ажилласан гэх С.Чулуун хатуухан арга хэмжээ авахуулах бололтой. Түүнээс гадна түүнийг Ерөнхийлөгч зүтгүүлж Соёлын сайдад томилуулсан, МАН-ын гишүүн ч бус гэх яриа МАН-д яригджээ.