Өнөөдөр /2020.09.07/ Төрийн ордоны Жанжин Д.Сүхбаатар танхимд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Гарааны компаниудад тулгамдаж буй асуудал ба төрийн дэмжлэг” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтыг 500 гаруй гарааны компаниудыг нэгтгэсэн “Dreamers”нэгдэлтэй хамтран зохион байгуулсан юм. Уг уулзалтын гол зорилго нь гарааны бизнес эрхлэгчид болон технологи хөгжүүлэгч компаниудыг дэмжих замаар төрийн цахим шилжилтийг бодитоор хэрэгжүүлэх, тогтмол гадагш урсдаг валютын урсгалыг дотооддоо тодорхой хэмжээнд авч үлдэх, хамгийн чухал нь Монголын залуус өөрсдийн санаагаа бодит бизнес болгон хэрэгжүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх нь туйлаас чухал юм.
Уулзалтыг нээж УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэхдээ: “Монголчууд бид уул уурхайгаа түшиглэсэн эдийн засаг ярьсаар даруй олон жилийн ардаа орхилоо. Гэвч дэлхий нийт даяаршиж, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал эрчимтэй явагдаж, мэдээлэл технологийн эрин зуун руу бид гэрлийн хурдаар нэвтрэн орж байна. Цаг үеийн өөрчлөлт шинэчлэлт, дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг мэдрэгээр мэдэрч чадвал ямар ч улс орон хөгжлийн шинэ түвшинд гарах боломж хангалттай байна. Өөрөөр хэлбэл энэхүү технологийн салбар, гарааны бизнес эрхлэгчид дунд гигант компани гэж байхгүй тул хэн ч өнөөдөр эхлүүлсэн ажлаараа жилийн дараа дэлхийн тэрбумтан болох боломж хүн бүрийн өмнө нээгдэж байна. Гагцхүү сэтгэж л чадвал, сэтгэсэн зүйлээ хөгжүүлэх нь таатай орчин нөхцөл бүрдүүлж л чадвал бидэнд ч гэсэн яг ийм боломж байсаар байгаа.” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтаар яригдаж буй асуудлын дийлэнхи нь хувийн хэвшил болон гарааны компаниудад учирч буй төрийн хүнд суртал, чирэгдэл, олон шат дамжлага бүхий хүндрэл бэрхшээлүүдийг нэгд нэгэнгүй ярилцаж байлаа.
“Dreamers” нэгдлийн үүсгэн байгуулагч, “Эс Эм Эс Маркетинг Спэйс” ХХК-ий захирал Ж.Золзаяа: “Бид хууль журам гарсаных нь дараа шүүмжилж суух биш эхэнд нь саналаа эхэлж, ажлуудад нь гар бие оролцож, илүү бодит хөрсөндөө буусан шийдвэр, хууль журам гаргах нь илүү үр дүнтэй. Тийм ч учраас бид цаашид энэхүү уулзалтыг тогтмол зохион байгуулах болно.” гэлээ
Уг уулзалтанд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Д.Цогтбаатар нар болон гарааны бизнес эрхлэгчдийн төлөөлөл,холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд оролцлоо.