ЭМЯ: Дахин хоёр хүн эдгэн, эмнэлгээс гарлаа

ЭМЯ: Дахин хоёр хүн эдгэн, эмнэлгээс гарлаа

ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар Монгол Улсад коронавирусийн 15 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дахин хоёр хүн эдгэн, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт дөрвөн иргэн эдгээд байна.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү: "Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарсан сайн мэдээ байна. Эдгээр иргэнд таван төрлийн шинжилгээг, гурван өдөр дараалан хийхэд хариу нь сөрөг гарсан. Цаашид хяналтаа үргэлжлүүлнэ. ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдсэн. Солонгос болон Хятадын ЭСЯ-аас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдлээ. Солонгосоос 5000, Хятад 3000 оношлуур хандивласан байгаа.

Улсын хэмжээнд уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс түүврийн байдлаар сорьц цуглуулж шинжилгээ хийж байна. Мөн Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж эхэлсэн. Лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн нь хяналт сайжирна гэсэн үг. Франц иргэний бие сайн байна. Түүний ажилладаг "Бадрах энержи" компани ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг эмч ажилчиддаа урамшуулал болгож өгнө" гэв.

Өчигдөр/2020.04.06/ ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 65 иргэн эмнэлгээс гарч, гэрийн хяналтад орсон ба сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Дарханд тусгаарлагдаж байсан зургаан хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 222 хүнд шинжилгээ хийсэн ба дараагийн нислэгээр ирэх иргэдээ авах бэлтгэлээ хангаж байгаа талаар албаныхан мэдээллээ.