Николас Палмер: Монгол ёс заншил бүр утга учиртай байдаг нь гайхалтай

Николас Палмер: Монгол ёс заншил бүр утга учиртай байдаг нь гайхалтай

Хөл хорионы үеэр хэн нь олон Монгол дуу мэдэхээ үзэж буй гэр бүлийн бичлэг цахим орчинд тархсан. Гадаад залуу монголоор тун сайн ярихаас гадна маш олон монгол дуу мэдэж байгаа нь олон хүмүүсийн анхаарлыг татсан. Тэгвэл тус бичлэгийг АНУ-д амьдардаг Николас Палмер болон түүний эхнэр Нацагбадам нар хүү Анандын хамт хийжээ. Манай сайт тэдэнтэй холбогдож Монгол соёл уламжлал, гэр бүлийн харилцааны тухай сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

-БАЙНГА МОНГОЛ ДУУ СОНСДОГ-

Сайн байцгаана уу. Та бүхэн бидэнд өөрсдийгөө танилцуулаач?

Ник: Сайн байна уу. Намайг Николас Палмер гэдэг. АНУ-ын иргэн. Философич мэргэжилтэй. Эхнэр, хүүгийн хамт АНУ-ын Айдахо мужийн Москва хотод амьдардаг. Одоогоор хуулийн чиглэлээр суралцаж байгаа.

Нацагаа: Намайг Нацагбадам гэдэг. Өмнөговь аймгийн Түргэн сумын малчин айлд төрж, өссөн. 2012 онд Сити дээд сургуулийг  хувцас загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Одоогоор хүү Анандыгаа хараад гэртээ байгаа. Бид хоёр энд нүүж ирэхээсээ өмнө гурван жил Лас Вегаст ажиллаж, амьдарсан. Өнгөрсөн долдугаар сард энд нүүж ирсэн.

-Анх хаана, яаж танилцаж байв. Гэр бүл болсон түүхээсээ хуваалцаач.

Нацагаа: Бид 2013 онд сүмд танилцсан. Анх хариуцлагатай мундаг хүн шиг санагддаг байсан. Шашны номлолын ажлын үеэр хамт ажиллаж, танил төдий харилцаатай байсан. 2015 онд Ник нутаг буцсаныхаа дараа над руу фейсбүүкээр бичиж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй харилцаж, үерхдэг болсон. 2016 оны зун Ник аав, өвөөтэйгөө Монголд ирж намайг бэр гуйж аваад Монголдоо хуримаа хийсэн.

-Цахим орчинд тавигдсан бичлэгийг үзээд их сайхан санагдсан. Ер нь ийм төрлийн бичлэг байнга хийдэг үү?

-Ник: Бид өөрийн гэсэн Youtube хаягтай. Цөөн хэдэн бичлэг оруулсан. Хүмүүс яг ямар төрлийн бичлэг сонирхож үзэхийг мэдэхгүй болохоор өөрсдийнхөө уншсан ном, Монгол бичгийн талаар бичлэг хийсэн. Цаашдаа боломжоороо бичлэг хийнэ гэж төлөвлөж байна.

-Их олон монгол дуу мэддэг юм билээ, хаанаас сурдаг вэ?

Ник: Би ер нь байнга л Монгол дуу сонсдог. Анх монголд очиход хөөмий, хархираа их сайхан санагдаж, сонирхоод хийж үзсэн. Түмэн эх чуулгын тоглолтыг хэд, хэдэн удаа үзээд их таалагдсан. Тэндээс Алтайн магтаал зэрэг нэлээд дууг сурсан. Анх үзээд гайхсан зүйл нь тэр тоглолтыг үзэж байсан монгол хүн бараг л байгаагүй танхим дүүрэн гадаад хүмүүс байсан . Үзэж байсан цөөхөн монголчууд нь “Өө ийм гоё юм байдаг юм уу” гэж байсан шүү.

Нацагаа: Монголоос гадна буриад, халимаг дуу сонсох дуртай. Ихэнхдээ youtube-ээр л сонсдог доо. Зарим дуунууд үг нь байдаггүй болохоор сонсголоороо сурдаг.

“ЗУРАГ ЗУРЖ, ДАСГАЛ ХИЙЖ, НОМ УНШИЖ, МОНГОЛ БИЧГЭЭ ДАВТАЖ
ӨНГӨРҮҮЛДЭГ. ХҮҮДЭЭ ЗОРИУЛЖ ӨӨРСДИЙН ГАРААР
ҮЛГЭРИЙН НОМ ХИЙЖ БАЙГАА”

-Ник монголоор их сайн ярих юм. Монголд анх хэзээ,ямар зорилгоор ирж байсан бэ?

-Ник: 2013 оны өвөл монголд анх очиж байлаа. Очихоосоо өмнө хоёр гурван сарын хэлний сургалтад суусан ч нэг их сайн ярьж сураагүй. Очоод англи хэлний сургалтын төвд багшилж эхлээд ярьж сурсан даа. Эхнэртэйгээ ч дандаа монголоор ярьдаг болохоор илүү сайжирч л байгаа байх.

-Монгол дуу дуулж, бэр гуйх ёс заншлийг судалж, хэлийг үргэлж сурахыг хичээдэг юм байна. Монголд их элэгтэй хүн гэж харлаа. Монгол соёлд татагдахад танд юу нөлөөлөв?

-Ник: Анх Монголын хөдөө айлд очиж байхад их сонин санагдаж байсан. Хувиа боддоггүй чанар нь их олон зүйлс дээр харагддаг. Жишээ нь том ундаа, том ууттай чипс аваад бүгдээрээ хувааж иднэ. Америкт бол хэдий нэг гэр бүл ч гэлээ өөр хүний авсан ундааг уучихвал дургүйцнэ. Харин хөдөөний айлд бүх зүйлээ нэгэнтэйгээ хуваалцдаг нь сайхан дотно санагдсан. Бас цагаан сараар танихгүй хүн байсан ч гэртээ оруулж хүндэтгэдэг зочломтгой зан нь дулаан сэтгэгдэл төрүүлдэг. Дээр нь түүх соёл, уламжлал нь олон зуун жилийн түүхтэй учраас утга учиртай .

“МӨНГӨН АЯГАНД АЙРАГ ХИЙГЭЭД ӨГӨХӨД ДУУ, ДУУЛАХ НЬ БАЯР
БАЯСГАЛАН АВЧИРДАГ.”

-Монгол бичгийг бие даан сурсан уу?

-Ник: Тийм. Монгол бичгийн хадмал толь гэдэг номоос үг болгоныг нь хайж үзэж сурсан. Хэцүү ч гэсэн өөр хаана ч байхгүй учраас их сонирхолтой байдаг. Бас бие даан ном уншиж судалдаг.

-Хамгийн анх малчин айлд ороод нүдэнд тань туссан зүйл юу вэ?

Ник: Их олон зүйл байна лдаа. Анх эхнэрээ яс мөлжиж байхыг харахад гоё санагдсан. Нэг яс мөлжиж эхэлсэн бол түүнийгээ заавал дуусгах ёстой байдгийг мэдээд Монгол ёс утга учиртай байдгийг мэдсэн. Юуг ч дэмий гарздахгүй, гамтай байх гэсэн дээ тийм ёс гарсан болов уу. Бас өглөө их эрт босоод ямаа саадаг. Манай хадам ээж, үеэл дүү хоёр ямааг янзын саана шүү дээ.

Нацагаа: Өмнөговьд ямаагаа хооронд нь холбож байгаад саадаг болохоор ямаанууд нь гэршээд өөрсдөө хүрээд ирдэг юм. Тэрийг хараад манай нөхөр, хадмууд их гайхаад “ ямар ухаантай ямаанууд вэ” гэж байсан.

Хоёр өөр соёл, хүмүүжилтэй хүмүүс гэр бүл болсон, бэрхшээл тулгардаг уу?

Ник: Бид хоёр нэг их зөрчилдөөд байдаггүй. Мэдэхгүй зүйл цөөнгүй гардаг ч гэсэн нэгэндээ зөвлөх маягаар ойлголцдог. Би нэг болохгүй зүйл хийчихвэл эхнэр маань надад тайлбарлаж өгдөг. Нэгэнт Монголын тухай сурч байгаа болохоор үнэ цэнийг нь ухамсарлаад хүндэтгэлтэй хандахыг хичээдэг. Миний бодлоор тус болдог зүйл нь шашин гэж боддог. Ижил талууд нь хосуудын харилцаанд тус болдог юм шиг санагддаг.

“УУРЛАЖ БУХИМДСАН ҮЕДЭЭ АСУУДЛЫН ЦААД ШАЛТГААНЫГ ОЛЖ
ИЛРҮҮЛЭЭД ХООРОНДОО САЙН ЯРИЛЦАХ НЬ ТУС БОЛДОГ”

-Гэр бүлийн харилцаанд хамгийн чухал зүйл юу гэж та хоёр боддог вэ?

Нацагаа: Миний бодлоор хоорондоо маш нээлттэй ярилцдаг байх хэрэгтэй гэж бодсон. Бие биенээ эхлээд ойлгох гэж хичээдэг байх. Хамгийн чухал чанар бол асуудал тулгарахад нэгнээсээ бус өөрөөсөө алдааг хайдаг байх ёстой. Бид хоёр их тайван хүмүүс болохоор үл ойлголцол гарахад л хэсэгтээ дуугаа хурааж байгаад ярилцдаг. Харилцааны хувьд үнэн байх нь бас чухал. Худлаа магтаал хэлэхгүй байх , нэгнийхээ сайн чанарыг харахыг эрмэлзэх хэрэгтэй. Нэг удаа би нөхрөөсөө өөрийнхөө сул талыг асуухад “ Чиний дутагдалтай чанар чинь миний нөхөх ёстой зан чанар” гэж хариулсан. Хайртай хүнээ байгаагаар нь хүлээж авах чухал юм билээ.  Гэр бүлийн харилцааны талаар өмнө нь нэг подкаст нь хийсэн байгаа. Youtube сувгаас үзэж болно.

Ник: Эхнэртэйгээ санал нэг байна. Монгол хэлнээс сурах юм их байдаг. Сая бодож байгаад “ ухамсарлах” гэдэг үг санаанд орлоо. Англиар бол understand, ойлгох гээд ганц л үг байдаг. Монгол хэлэнд ойлгох, ухамсарлах, ухаарах гээд бүгд өөр утга агуулдаг. Нэгэнт гэр бүл болсон бол нөгөө хүнээ хайрлаж, гэр бүл болсноо “ ухамсарлах” хэрэгтэй гэж боддог.

Ярилцсанд баярлалаа, танай гэр бүлд аз жаргал хүсье!

Тэдний Youtube хуудас 

https://www.youtube.com/channel/UCx3ci6jCcVjiCU1Ws2BHnIg?fbclid=IwAR3fd3PCXxth2DYXipty8O7yfSeUZajTI5ocD_4PzqjTLb4roJOWIVlidTA