Германы орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан МОНГОЛ БҮСГҮЙ Г.ОЧМААТАЙ ярилцлаа

Германы орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан МОНГОЛ БҮСГҮЙ Г.ОЧМААТАЙ ярилцлаа

“Чимээгүй хэрнээ хичээнгүй хөдөлмөрлө. Гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно” хэмээн алдарт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн хэлсэн байдаг. Энэ үгний биелэл болсон олон залуу дэлхийн өнцөг булан бүрд Монгол нэрээр овоглон сурч, хөдөлмөрлөж, шаргуу хичээж эх орныхоо нэрийг дэлхийд таниулахын төлөө зүтгэж байна.

Тэдгээр залуусын нэг бол Г.Очмаа. “Монгол бүсгүй Германы орон нутгийн сонгуульд өрсөлдөн, ялалт байгууллаа” хэмээх мэдээ хэдэн өдрийн өмнө цахим сүлжээгээр тархан, олон хүний бахархлыг төрүүлсэн билээ. Энэ бахархлыг хүртсэн бүсгүй бол Очмаа юм. Тэрээр 13 сая гаруй хүн амтай Германы Бавари мужийн орон нутгийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан бөгөөд өдгөө Мюнхен хоттой залгаа оршдог Грэйфелфинг хотод амьдарч байна.

АНХ НӨХРИЙНХӨӨ ТАЛААР ЭЭЖДЭЭ ХЭЛТЭЛ “НАМАЙГ ТОГЛОЖ БАЙНА,
ӨӨРИЙГ НЬ “ЯВУУЛЖ” БАЙНА” ГЭЭД ЕРӨӨСӨӨ ИТГЭХГҮЙ БАЙСАН

-Сайн байна уу. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлье. “Германы Бавари мужийн орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан Монгол бүсгүй” гэсэн тодотголоор хүмүүс таныг мэдэх болсон. Баяр хүргэе. Очмаа гэж яг хэн бэ. Уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн. Сайн байна уу. Намайг Г.Очмаа гэдэг. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Таван хүүхэдтэй айлын отгон охин. Арван жилээ Нийслэлийн 31-р сургуульд сурч, их сургуулиа МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг олон улсын ажилтан мэргэжлээр төгссөн. Дараа нь 2011 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд Герман хэлний орчуулагч мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалж, тэр жилдээ ХБНГУ-ын Мюнхен хотыг зорин Соёл хоорондын харилцаа гэсэн мэргэжлээр мастерын зэргээ хамгаалсан юм. 2011 оноос эхлэн Германд тогтвортой амьдарч байна.

-Бавари мужийн орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсон түүхээсээ хуваалцаач?

-Анх нөхөртэйгөө Нюрнберг хотын “CSU” намын хуралд явах болсон. Хуралд явж эхлэхэд намын гишүүд нь намайг намдаа элсэхийг санал болгосон л доо. Ингээд 2011 онд намд элсэн удалгүй тус намын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн хамтран ажиллаж нийгэм, улс төрийн ажил хийхийг санал болгосон юм. Тэгээд л би гэдэг хүн намын эмэгтэйчүүдийн холбоонд орсон. Магистрт сурч байхдаа намд элсэн хамгийн доод албан тушаалаас нь эхлээд намын нийгмийн, хүмүүнлэгийн ажил хийх болсон юм.

-Анх Герман хүнтэй гэрлэнэ гэхэд гэр бүлийнхэн тань хэр хүлээж авч байсан бэ?

-Ээж маань маш их гайхаж хүлээн авсан. Би их сургуулиа төгсөөд заавал Гадаад хэргийн яаманд орно гэж боддог байсан. Тэгээд гэнэт энд магистрт сурч байхдаа хүнтэй сууна гэсэн чинь их гайхаж хүлээж авсан. Би айлын отгон хүүхэд болохоор их тоглоом шоглоом хийдэг байсан юм. Ээждээ нөхрийнхөө талаар дуулгатал “Намайг тоглож байна, өөрийг нь “явуулж” байна гээд ерөөсөө итгэхгүй байсан. Дараа нь дүрсээ харж ярихдаа нөхрөө танилцуулаад сүйн бөгжөө үзүүлсэн юм. Тэгээд хуримын тов гарч зөвшөөрсөн дөө.

-Нөхрийнхөө талаар яривал. Анх яаж танилцаж байв?

-Намайг сургуульдаа (магистерт) орж сурах үеэр миний хань амьдарч байсан хотынхоо засаг даргаар ажилладаг байсан юм. 2014 онд хань маань Мюнхений тойргийн захирагчаар сонгогдож, сая болж өнгөрсөн сонгуулиар дахин сонгогдож ажиллаж байгаа. Анх магистерт сурахаас жилийн өмнө 2010 онд Монголоос ажлаар Бавари мужид хэд хонгийн томилолттой очиж байсан. Ажлын уулзалтын үер Баварийн Октоберфест үндэсний баярын 200 жилийн ойн баяр болж яаж, үүссэн тухай түүхийг харуулсан мүзей үзэх урилга авч очиход маш олон албаны хүн уригдан хүрэлцэн ирсэн байсан. Тэр дунд хань маань явж, ирсэн зочиддоо хүндэтгэл үзүүлээд дараагийн уулзалтандаа явлаа гээд бүх ирсэн зочид гийчидтэйгээ салах ёс үйлдээд явсан. Ердөө 10 минут ч болоогүй байх. Анх нөхөртэйгөө тэгж л танилцаж байлаа.

Нөхөр маань Монголд очих их дуртай, монгол хоолонд ч их дуртай. Бас Монголын соёлыг их хүндлэн, сурахыг хичээдэг. Монголд очоод хүмүүс цай хийж өгөхөөр зүүн гараа тохойн доороо оруулан, хүндэтгэл үзүүлэн авах, хөөрөг соилцох гэх мэт зүйлсийг сайн мэддэг.

ХҮҮХДҮҮДДЭЭ МОНГОЛ ХЭЛ, ЁС ЗАНШЛЫГ СУРГАН, ТАНИН
МЭДҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ

-Хоёр хүүтэй юм байна. Хүүхдүүд тань Монгол хэлээр хэр ярьдаг вэ?

-Манай гэр бүл хамгийн сүүлд 2018 онд Монголд очсон. Одоо ээж маань Монголоос ирчихсэн байгаа. Монголд очихдоо Монгол хэл сургах зорилгоор аль болох удаан байхыг эрмэлздэг. Ээж маань энд ирэх үед хүүхдүүдэд маань Монгол хэл заан, хоорондоо ойлголцоод л байж байдаг. Хүүхдүүддээ Монгол хэл ёс заншлыг сургах, танин мэдүүлэхийг их хичээдэг дээ.

-Та Олон улсын харилцааны сургууль төгссөн шүү дээ. Германы улс төрийн талаар сонирхдог байсан нь намын ажил хийхэд нөлөөлөв үү?

-Тэгж хэлж болно. Би Олон Улсын харилцааны сургуульд сурч байхдаа олон тэмцээн, уралдаанд оролцдог нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Бас улс төрийн хичээлд илүү сонирхолтой байлаа. Манай сургуульд Европын эдийн засаг, улс төр гээд л олон хичээл ордог байсан. Герман хэл мэддэг болохоор ч тэр үү Германы улс төрийн талаар илүү сонирхдог. Үүнийг нөхөр маань ажиглаад хамт намын хуралд явах санал тавьсан.

-Та сая намын хамгийн доод албан тушаалаас эхэлсэн гэж хэллээ. Ямар ажлуудыг хийдэг байсан бэ?

-Би хоёр дахь хүүхдээ төрүүлэх үедээ сургуулиасаа чөлөө аваад дараа нь магистраа хамгаалчхаад хамгийн анх “Шмид Бавари” гэдэг компанид маркетингийн хэлтэст бичиг хэргийн ажилтнаар орж байлаа. Дараа нь өөр компанид эдийн засаг болон бичиг хэргийн ажилтнаар орж одоог хүртэл ажиллаж байна. Анх намын гишүүн болоход хань маань надад хандан засаг дарга хүний эхнэрийн хувьд сайн үйл, нийгэм, хүмүүнлэгийн ажил хийвэл яасан юм бэ гэж зөвлөсний дагуу хүмүүнлэгийн болон нийгмийн сайн сайхны ажил хийдэг болсон. Одоо хүмүүнлэгийн ажлаа хийхээс гадна үндсэн ажлаа өдөр хийдэг. Харин улс төрийн ажлаа орой хийдэг.

-Өглөө ажилд яваад, орой улс төрийн ажлаа хийгээд нэг өдөр үнэхээр завгүй өнгөрдөг бололтой. Та нэг өдрийнхөө хийдэг зүйлсийнхээ талаар хуваалцаач?

-Ерөнхийдөө сард 4-5 намын хуралтай байдаг. Өглөөний 08:00-14:00 хүртэл үндсэн ажлаа хийдэг. Тэгээд өдөр хүүхдүүддээ анхаарал тавина. Давтлагад нь хүргэж өгнө, даалгаврыг нь хийлгэнэ, хоол хийж өгөх гэх мэт ээж хүний ажлуудаа өдөр хийж, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөдөг. Тэгээд хүүхэд харах хүн ирэхээр оройныхоо хуралд сууна. Хурал орой шийдвэрлэх асуудлаас хамааран 23 цаг үеийн тардаг. Тэгээд л шөнө орж ирээд үүрээр явдаг даа. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөхийг их хичээдэг.

ОЧМАА ГЭДЭГ ХҮНИЙ ЦААНА ААВ ЭЭЖ, МОНГОЛЧУУДЫН МААНЬ
НЭР ТӨР “ЯВЖ” БАЙГАА ШҮҮ ДЭЭ

-Таны ажил, мэргэжлийн талаар сонирхлоо. Харин одоо хувь хүний үүднээс ярилцъя. Та ажил дээрээ ямар зарчим шаардлагыг тавьж ажиллахыг эрхэмлэдэг вэ?

-Монголчууд нэр хугарвал яс хугар гэдэг. Хэдий би Германд амьдарч байгаа ч энд байгаа хүмүүс намайг гадаад хүн, Монгол хүн гэсэн нүдээр харна. Тиймээс ажлаа сайн, няхуур алдаа гаргахгүй хийхийг хичээдэг. Энд зөвхөн миний нэр биш, цаашлаад Очмаа гэдэг хүний цаана аав ээж, монголчуудын нэр төр явж байгаа шүү дээ. Ажил маань маш нарийн цагийн хуваарийн дагуу явагддаг учир хийсэн зүйлдээ эзэн болж, хэлсэн үгэндээ хүрэхийг хичээдэг.

-Очмаа гэдэг хүний ажлын зарчим ийм юм байна. Тэгвэл гэр бүлийн хүрээнд, хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ ямар зарчим баримталдаг вэ?

-Би хүүхдүүдээ хамгийн түрүүнд хувиа хичээсэн зан гаргахгүй байхыг сургадаг. Хувь хүний төлөвшлийг багаас нь зөвөөр өгөхийн сацуу зөв хүмүүжилтэй хүн болгох нь хамгийн чухал гэж боддог. Хоёрт Монголынхоо ёс заншлыг зааж өгөхийг хичээдэг. Монголд очихоороо аль болох Монгол ёс заншлыг тайлбарлаж өгнө. Өөрөө ч үлгэрлэхийг хичээдэг. Би үндэснийхээ хувцсаар гоёх дуртай. Хурал зөвлөгөөнд оролцохдоо аль болох дээлээ өмсөөд явдаг. Үндэснийхээ гар урлал соёлыг хүмүүст таниулахыг зорьдог.

ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮНД ИЛҮҮ ХАНДАНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ

-Монголд хамгийн сүүлд хэзээ очсон бэ. Таны амьдарч байгаа муж Монголоос мэдээж тэс өөр байх?

-Бавари бол Германы улсын төсөвт гол орлого оруулдаг чинээлэг мужийн нэг. Мэдээж хүмүүсийн царай, хэл, соёл, барилгаас эхлээд Монголоос өөр олон зүйл бий. Гэхдээ төстэй зүйл ч бий. Тухайлбал Монголчууд эх оронч, ёс заншлаа дээдэлдэг хүмүүс шүү дээ. Бавари мужийн иргэд ч их үндэсний үзэлтэй. Энэ талаараа монголчуудтай төстэй санагддаг.  Бас нэг зүйл нь Баваричууд манай монголчууд шиг их махсаг. Бусад мужаасаа махны хэрэглээгээрээ дээгүүрт ордог. Бас Улаанбаатар хот дөрвөн уулаараа хүрээлүүлдэг шиг Бавари Альпын нуруутай хил залгаа оршдог нь эх нутгийг маань санагдуулдаг.

-Герман бол дэлхийн хөгжилтэй орнуудын нэг шүү дээ. Бид Герман орноос юуг нь суралцах хэрэгтэй гэж та боддог вэ?

-Германы хөгжлийн гол түлхүүр нь иргэд нь маш сайн цаг барьдаг гэж би боддог. Цагийн менежмент сайн болохоор ажлын бүтээмж ч өндөр. Ажлаа хойшлуулахгүй хугацаандаа амжуулаад байвал ажлын үр шимийг сайн хүртэнэ. Нөгөөтээгүүр Германчууд их шударга ард түмэн. Үндсэн ажилдаа маш шударга, зарчимч байдаг. Аль ч нийгмийн давхаргад хахууль, эрх мэдлийн давуу байдал ажиглагддаггүй. Эрх мэдэлтэй хүнд илүү хандана гэсэн ойлголт байдаггүй.

-Гадаадад амьдарч байсан хүмүүс эх орондоо амьдарч байсан улсаа харьцуулах нь бий. Тэр талаар та юу гэж бодож байна?

-Мэдээж улс орнуудад өөр зүйл их бий. Гэхдээ би хэзээ ч эх орноо голж байгаагүй. Би ийм орчинд төрж өссөн учраас хүлээн зөвшөөрч сайжруулах гэж хичээх нь чухал.

-Монголынхоо юугаар хамгийн их бахархдаг вэ?

-Мэдээж Монголынхоо газар нутаг, соёл, өв уламжлал түүх, онгон дагшин байгалиар  бахархана. Инээдтэй сонсогдож магадгүй л дээ. Монгол очоод автобусны буудлын хажуугаар өнгөрөхөөр Шар хад, Гурав, дөрөвдүгээр хороолол гээд микроны кондукторын орилж байгаа нь хүртэл цаанаа дотно, сайхан санагддаг.

Германы улс төрд мандат авсан анхны Монгол бүсгүй Г.Очмаатай ийн ярилцлаа. “Хэдий би Германд амьдарч байгаа ч эндхийн хүмүүс намайг Монгол хүн гэж харна. Тиймээс Монголын нэр төрийг өндөрт өргөн хийсэн ажилдаа эзэн болж, хэлсэн үгэндээ хүрэхийг хичээдэг” хэмээн ярих энэ бүсгүйтэй хуучлахдаа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа.