Австрали улсад очсон Монгол залуугаас шинэ төрлийн корона вирусийн халдвар илэрчээ

2020-01-28 16:33

ЭМЯ: Вирусын халдвартай Хятад хүнийг монгол хүн хэмээн андуурчээ

Өнөөдөр 12:30 цагийн үед Австрали улсын Эрүүл Мэндийн Яамнаас Монгол улсын иргэн өндөр халуурч явсныг саатуулан шинжилгээнд хамруулахад коронавирус илэрсэн тухай мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Харин манай улсын ЭМЯ Австрали улстай холбогдон энэ талаарх мэдээллийг нягтлахад Монгол улсын иргэн биш Хятад улсын иргэн болохыг нь тогтоожээ.

Манай улсын иргэний хувьд энэ сарын 19-ны үед БНХАУ-ын Гуанжу хотоос Австралийн Мельбурн хот руу вирусын халдвартай хятад иргэнтэй хамт ниссэн нь тогтоогдсон.

Энэ иргэн нь энэ сарын 25-ны өдөр Монголдоо ирсэн бөгөөд Эрүүл Мэндийн Яамнаас түүнийг нэгдүгээр зэргийн хавьтагч хэмээн үзэж ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм.

2020-01-28 14:37

Австрали улсад очсон Монгол залуугаас шинэ төрлийн корона вирусийн халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас Австрали улсад очсон Монгол Улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлэл хийлээ. Коронавирусийн халдвар илэрсэн иргэн нь 34 настай, эрэгтэй ажээ.

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос Австралийн Мельбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн.

Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан байна. Нэгдүгээр сарын 25-нд шинэ төрлийн коронавирус гэдэг нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан" гэлээ. Улаанбаатар хотоос Австрали улсруу шууд нислэг одоогоор үйлдэгддэггүй бөгөөд халдвар авсан иргэн БНХАУ-ын Гуанжу Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотруу зорчиж байжээ.