Г.Эрдэнэчимэг: Охидтойгоо хамт ус аваад л амьдралаа өөрчилнө гэж төсөөлсөнгүй

Г.Эрдэнэчимэг: Охидтойгоо хамт ус аваад л амьдралаа өөрчилнө гэж төсөөлсөнгүй

Өвлийн  шөнө харанхуй гудманд нялх хүүхдээ нэг гараараа энгэртээ тэвэрч, нөгөө гараараа усны тэргээ татан бусад дөрвөн охиноороо түрүүлж яваа Г.Эрдэнэчимэг эгчийн бичлэг сошиол орчинд олон хүний хайрыг татсан. Анх Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуулийн багш, оюутнууд Улиастайн эцэс орчим машинтайгаа бичлэг хийж явахад Г.Эрдэнэчимэг эгч охидынхоо хамтаар ус авч яваад таарсан байдаг. Улмаар нэгэн оюутан Г.Эрдэнэчимэг эгчид туслан усыг нь түрж гэрт нь оруулж  өгчээ.

-Г.ЭРДЭНЭЧИМЭГ ЭГЧ ӨНӨӨДӨР ШИНЭ ГЭРТЭЙ БОЛНО-

Тэр оюутан буцаж ирээд багш нартаа хандан “Энэ эмэгтэй зургаан охинтой юм байна. Таван охин нь бага насных харагдлаа. Өрх толгойлсон эмэгтэй юм шиг байна” гэжээ. Ингээд тэд эмэгтэйд тусалбал яасан юм бэ хэмээн ярилцаад маргааш нь сургуулийнхаа захиралд уг санаагаа танилцуулахад дэмжжээ. Тэд бүр хандивын аяны төлөвлөгөө гаргаж батлуулсан байна. Үүний дараа тэд Г.Эрдэнэчимэг эгчийн бичлэгийг сошиол орчинд тавиад хүмүүсийн анхаарлыг татаж, түүнд туслах хүсэлтэй иргэд их байгааг мэджээ. Олон хүний халуун сэтгэл, туслая гэсэн бодолд үндэслэн тэд Г.Эрдэнэчимэг эгчид туслах хандивын аяныг ажил хэрэг болгон, зоригтой эхлүүлсэн нь энэ аж.

Олон хүнийн халуун, дулаан сэтгэлээр шуурхай өрнөж буй хандивын аяныг болон  Г.Эрдэнэчимэг эгчийн охидынхоо хамтаар хэмжээлшгүй баяр, баяслаар баялхаж буй энэ цаг мөчийг бид уншигчидтайгаа хуваалцахаар Улиастайн эцсийн зорьсон юм.

Биднийг Улиастайн хуучин эцэст очиход Дотоодын хэргийн их сургуулийн ахлагчийн сургуулийн ахлах багш, цагдаагийн хурандаа Х.Эрдэнээ тосч аван, Г.Эрдэнэчимэг эгчийн гэр рүү замчилж, дагуулж явсан юм.

Биднийг очиход Дотоод хэргийн их сургуулийн багш, оюутнууд Г.Эрдэнчимэг эгчийн амьдарч буй гэрийн хажуугийн газрыг тойруулан шинэ банзаар хашаа хатгаж байлаа.

Тэд газар тэгшлэх, жорлон ухах зэрэг ажилд хуваагдан өвлийн хүйтнийг үл ажран яралзтал ажиллаж байв. ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн дамжааны ахлагч багш, цагдаагийн ахлах дэслэгч Л.Батсүрэн биднийг угтан аваад “Өвлийн хүйтэнд газар ухна гэдэг хүнд ажил юм. Тэс хөлдүү учраас арай хийж л ухаж байна. Бид хашааны шон байрлуулах нүх болон жорлон ухаж байна. Өнөөдөр /өчигдөр/ хашаагаа барьж дуусгаад маргааш гэрээ авч барина” гэсэн юм. Тэрбээр хашаан дээр үлгэрийн баатрууд зурна мөн тоглоомын талбай, жижиг амбаар зэргийг барина хэмэээн танилцуулсан.

-БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС ТЭДЭНД ГАЗАР ӨГЧЭЭ-

Харин биднийг Г.Эрдэнэчимэг эгчийнд ороход тэрбээр эзгүй байв. Хаа хүрсэн талаар лавлахад шинээр авч өгч буй газрынхаа бичиг баримтыг хөөцөлдөхөөр дүүргийн газрын алба явсан гэлээ. Охид ч мөн түр гарцгаажээ.  Дүүргийн газрын албанд хүсэлт гарган одоо амьдарч буй гэрийнх нь хажуу талын хашааны газрыг кадастарт оруулж бичиг баримтыг нь хуулийн дагуу бүрдүүлэн өгч байгаа аж.

Бид Х.Эрдэнээ багштай энэ хоород хэсэг хуучлав.

Тэрбээр “Манай ахлагчийн сургуулиас жилдээ 2-3 удаа сайн үйлсийн, хүмүүнлэгийн ажилд гар бие оролцдог. Харин үүн шиг бие даан зохион байгуулсан сайн үйлсийн аян үгүй. Энэ жилийн тухайд манай сургуулийн 85 жилийн ой болж байна. Энэ хүрээндээ сайн үйлсийн аян өрнүүлнэ гэсэн төлөвлөгөө гарсан байсан. Гэхдээ аяныхаа эзнийг олохгүй л яваад байсан. Ингээд 18-ны орой Улиастайд би нэг багш, хоёр оюутныхаа хамтаар явж байгаад Г.Эрдэнэчимэг эгчтэй тааралдсан. Маргааш нь дахин ирж судалсан. Хүүхдүүдийн эцэг нь хэн юм, орон байр, амьдарч буй газар зэргийг нь нарийвчлан судалсан. Судалгаагаар олж авсан мэдээллээ удирдлагуудад танилцуулсан.

Энэ эмэгтэй өрх толгойлсон, орон гэргүй, зургаан жаахан охинтой талаар удирдлагууддаа хэлэхэд тэд туслахыг дуртай зөвшөөрсөн. Эхлээд бид оюутнуудынхаа дунд хандив өрнүүлж хоол хүнс, хувцас хунар, хэрэглээний мөнгө өгвөл ямар вэ гэж удирдлагууддаа танилцуулсан. Тэгсэн манай  Ахлагчийн сургуулийн захирал н.Ганболд “Үнэхээр өрх толгойлсон, гэр оронгүй эмэгтэй  бол газрын асуудлыг нь шийдээд гэр оронтой болгож өгвөл яадаг юм бэ. Оюутнуудынхаа  саналыг дэмжье” гэж хэлээд бидэнд хийх ажлын төлөвлөгөө гаргахыг үүрэгдсэн.

Бид хандивын аяны  талаар хийх ажлын төлөвлөгөө гаргаад захирлуудаараа батлуулаад ажлаа эхэлсэн. Үүний дараа Г.Эрдэнэчимэг эгчийн охидтойгоо ус авч яваа бичлэгийг тасдаад сошиолд тавьсан. Олон хүн хандсан. Фэйж хуудас нээгээд хандивын аянаа өрнүүлэхээр шийдээд ажлаа эхлүүлсэн” гэлээ. 

Г.Эрдэнэчимэг эгчид туслах төлөвлөгөө гаргажээ

-Х.ЭРДЭНЭЭ: 10 ХОНОГИЙН ХУГАЦААНД БАЙР АВЧ ӨГӨХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЦУГЛАВАЛ ҮНЭХЭЭР САЙХАН БАЙНА-

Тэд энэ сарын 21-ны өдөр албан ёсоор хандивын дансыг Хаан банкинд нээжээ. Өчигдөр 13.00 цагийн орчимдДотоод хэргийн их сургуулийн оюутнууд 2 сая гаруй төгрөг, иргэдээс 5 орчим сая төгрөг цугласан байна.  Хүмүүс сэтгэлээрээ хандаж буйд маш их баярлалаа гэж хандив зохион байгуулагчид хэлж байлаа. Иргэд маш олноор ирж гарын бэлэг болон бусад тусламжийг үзүүлж байгаа аж.

Хандивын аяныг 30-нд албан ёсоор хаах юм байна. Хандиваар цугласан мөнгөөр хашаа, тохь тухтай гэр орон болон бусад бүх  шаардлагатай эд, хэрэглэлийг авч өгөхөөр төлөвлөсөн гэдгийг зохион байгуулагчид ярьж байна. Мөн Г.Эрдэнэчимэг эгч болон хоёр том охинд нь утас авч өгөх аж. Үлдсэн мөнгийг данс нээж өгч байршуулна. Хэрвээ  10 хоногийн хугацаанд байр авч өгөх хэмжээний мөнгө цуглавал бүр сайхан байна гэж Х.Эрдэнээ багш хэлж байлаа.

Г.ЭРДЭНЭЧИМЭГ

-Г.ЭРДЭНЭЧИМЭГ: ХҮҮХДҮҮД МААНЬ ТОМ БОЛООД НАМАЙГ ГАЗАР ГИШГҮҮЛЭХГҮЙ БАЙХ-

Биднийг ярилцах хугацаанд Г.Эрдэнэчимэг эгч орж ирэв. Түүнийг дагаад охид нь ч орж ирлээ.Тэдний цэвэрхэн хувцасласан, дэгжин,  хэрсүүг хэлэх аргагүй. Бид түүнтэй ярилцлаа.

-Газартай  болох ажил тань бүтэв үү Г.Эрдэнэчимэг эгч?

-Өө бүтлээ. Хүмүүс туслаад газартай болж  буйдаа баяртай байна

-Олон хүн таньд тусалж байна. Таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Маш сайхан байна. Ингэж сайхан тусалж, дэмжиж буйд үнэхээр их баярлаж байна. Ёстой гэнэтийн зүйл боллоо. Анх тусламаар байна гэж хандахад нь маш их догдолж хүлээж авсан. Ийм хүмүүс байдаг юм байна шүү дээ гэж л бодсон. Ус авч яваад л амьдралаа өөрчлөх гэж байна. Үнэхээр азтай.

-Бичлэгт ордог өдөр ус нь дуусчихаад сандарч явсан уу?

-Тийм. Охид маань усанд цуг явна гээд тэгээд бүгдийг нь дагуулаад явж байсан.

-Та зургаан охиныхоо хамтаар энд ирж амьдраад хэдэн жил болж байна вэ?

-Энэ манай аавын гэр. Бид өмнө нь түрээсийн байраар л амьдарч байсан. Өнгөрсөн жилийн арван сард ирсэн. Таван сартай жирэмсэн байхдаа ирсэн.

-Та ямар мэргэжилтэй  вэ. Өмнө нь ямар ажил эрхэлж байв?

-Эзэмшсэн мэргэжил байхгүй. Ихэвчлэн хувийн байгууллагад ажиллаж байсан. Цайны газар, ноолуурын үйлдвэрт ажиллаж байсан. Удаан ажил хийж байгаагүй. Хүүхдүүдээ хараад ажил хийдэггүй байсан. Гурван хүүхэдтэй байхдаа л ажилладаг байсан. Таван хүүхэдтэй болсон чинь сургууль, цэцэрлэгт зөөхөөс эхлээд ажил их шүү дээ. Гурав нь сургуульд, хоёр нь цэцэрлэгт явдаг болохоор ажил хийхэд хүндрэлтэй юм.

-Хамгийн багаас  нь бусад бүгд сургууль, цэцэрлэгт хамрагдсан уу?

-Бүгд сургууль, цэцэрлэгт хамрагдсан. Багийн дээд талын охиныг минь хороон дарга цэцэрлэгт оруулж өгсөн.

-Багыгаа нэг ой хүрэхээр нэгдүгээр одонгоо авах нь дээ?

-Тэгнэ /инээв/. Одонгоо авахыг л тэсэн ядан хүлээж байна.

-Хүүхдүүдээ том болбол ажил хийх төлөвлөгөөтэй байгаа юу?

-Тийм ажил хийнэ. Аяны хүрээнд намайг ажилтай болгоно гэсэн. Би хүүхдүүдийнхээ сайн, сайхан ирээдүйн төлөө ажил хийнэ. Бидний амьдралын ирээдүй гоё болж эхэлж байна.

-Та одоо ямар орлоготой байна?

-Цалинтай ээжийн 50 мянган төгрөг, хүүхдийн мөнгө авдаг. Хорооноос хүнсний талонд хамруулж өгсөн.

-Хэдий та өрх толгойлсон ч амьдралдаа гутарч, гудайггүй юм шиг санагдсан?

-Эрт цагт чинь хүмүүс зургаа битгий олон  хүүхэдтэй байсан. Хүүхдүүд маань том болгоод намайг газар гишгүүлэхгүй байх. Бид нарын авсан мөнга хаанаа ч хүрэхгүй, хувцас ч авч чаддаггүй. Гэхдээ энэ бол зовлон биш. Хамгийн гол нь эрүүл, энх өсөх нь л чухал.Би зургаан охинтой азтай хүн.  Шантарч үзээгүй.

-Та хүүхдүүдийнхээ ааваас тэтгэмж авдаггүй гэсэн үү?

-Авдаггүй. Салаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Шүүхийн захирамж гарсан. Том охин 200 гаруй мянган төгрөг, бусад нь 100 гаруй мянган төгрөгөөр тэтгэмж тогтоосон. Гэтэл ажилгүй гээд мөнгө өгдөггүй. Хэрвээ тэр мөнгийг авдаг бол бид газардахгүй. Гэтэл авдаггүй болохоор шүүхийн захирамжийг нь аваад л хадгалаад л байж байдаг даа.  Тэр захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт аваачиж өгч баталгаажуулбал тэр мөнгийг олж авдаг гэж хүмүүс ярьж байна. Энэ хандивын ажлын дараа шүүхийн шийдвэрт аваачиж өгнө. Гэрлэлтийн баталгаа салгаж чадаагүй. Бага хүүхдээ нэг ой хүрвэл гэрлэлтийн баталгаа салгаж өгнө гэсэн. Хэрвээ салгачихвал өрх толгойлсон ээжийн удирлын мөнгөнд хамрагдах байсан юм байна лээ. Аав, ээж ах дүү энэ сайхан хамт олон минь байна. Олон сайхан хүн тусалж буй учраас гутрах зүйл алга.

Та бүхэн Г.Эрдэнэчимэг эгчид туслахыг хүсвэл доорх утсаар холбоо бариарай.

Холбогдох утас: 9919 2305

Хандивын данс: 5920396760, ХААН БАНК

Хүлээн авагчийн нэр: Х.Эрдэнээ

Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд сайжруулсан түлшний цэг ажиллуулж олсон цалингаа Г.Эрдэнэчимэг эгчид хандивлах юм байна. Мөн тэд хандивын хайрцаг сургуулиудаараа явуулж байгаа аж.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө