"ОХУ-ын хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулан барих" төслийг урагшлуулна гэж БНХАУ-ын тал мэдэгджээ

"ОХУ-ын хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулан барих" төслийг урагшлуулна гэж БНХАУ-ын тал мэдэгджээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын Хамтарсан мэдэгдэл гаргасан.

Тэгвэл тус мэдэгдэлд, “Талууд Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь удаагийн уулзалт болон гурван улсын хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, оросын талтай хамтран Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг түргэтгэж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулна” гэжээ. 

Энэ утгаараа ОХУ, БНХАУ-ыг холбосон “Сибирийн хүч-2” хий хоолойг Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрүүлэх ажилд ахиц гарч байгаа ажээ.