"Оросын хоолой Монголоор дамжина" гэхэд эсэргүүцээгүй П.Шинжээравдан нар "Монголд байгалийн хийн хайх"-ыг эсэргүүцэж явна

"Оросын хоолой Монголоор дамжина" гэхэд эсэргүүцээгүй П.Шинжээравдан нар "Монголд байгалийн хийн хайх"-ыг эсэргүүцэж явна

Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт "Жи өү эйч" ХХК-ийн энэ сарын 17 /2022.11.17/-ны өдөр өрөмдсөн “Номгон-8”, “Номгон-9” цооногоос метан хий илэрсэн.Иймд тус хайгуулыг үргэлжлүүлж, метан хийн нөөцийг нарийвчлан тогтоох ажлыг хийж байгаа юм. Харин энэ мэтээр метан хийн хайгуулууд амжилттай болбол Монгол Улс байгалийн хий олборлох, өөрсдийн хэрэгцээгээ хангах, цаашлаад экспортлох гээд том мөрөөдлөө биелүүлж болно.

-“СИБИРИЙН ХҮЧ-2 ХООЛОЙГООР ХИЙ ХУДАЛДАЖ АВНА ГЭЖ ХЯТАД УЛС ОРОСТ БАТАЛГАА ӨГӨӨГҮЙ БАЙНА-

Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах асуудал яригдаж байгаа энэ үед Өмнөговь аймгийн газар нутгаас “байгалийн хий” илэрч байгаа нь таатай мэдээ. Учир нь Орос, Украины асуудал хурцадмал, ОХУ-ын геополитикийн асуудал хүчтэй яригдаж байгаа энэ үед “Сибирийн хүч-2” хийн хоолойг газар нутгаар дайруулах нь буруу гэсэн байр суурийг олон иргэн илэрхийлэх болсон.

Нөгөө талаар “Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эсэхийг ОХУ биш БНХАУ-ын эрэлт шийдэх ба одоог хүртэл “Сибирийн хүч-2”  хий хоолой нь Хятадад хэрэгтэй эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Тодруулбал, 60 тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-1” хий хоолой 2019 онд ашиглалтад орсон ч, 2020 оноос эхлэн Хятад улс Оросоос авах хийн хэмжээгээ эрс багасгасан. Учир нь Хятад улс Оросоос хий авахгүй байсан ч байгалийн хийн хомстолд орохгүй бөгөөд Хятад нь өөрийн хийн олборлолт болон АНУ, Катар, Алжир, Казахстанаас их хэмжээний байгалийн хий авч байгаа. Иймд “Сибирийн хүч-2” хий хоолойг барьснаар БНХАУ байгалийн хий худалдаж авах баталгаа гаргаагүй бөгөөд ердөө “санамж бичиг” л байгуулсан. Гэтэл олон улсын харилцааны эгзэгтэй энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, “Сибирийн хүч-2 хийн хоолойн Монголын хэсгийн бүтээн байгуулалтад онцгой анхаарна” гэж мэдэгдээд буй.

-МОНГОЛД БАЙГАЛИЙН ХИЙ ХАЙХАД ЗАРИМ ИРГЭД ЯАГААД ЭСЭРГҮҮЦЭХ БОЛОВ-

Тэгвэл Петровис ресурс компани метан хийн хайгуул эхлүүлсний дараа “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн П.Шинжээравдан, “Гал үндэстэн”-ий Ц.Мөнхбаяр нар хайгуулын талбайд нь, нэр бүхий хэвлэлийг дагуулан очиж, тус компанийн кемпийг буулгаж, үйл ажиллагааг нь зогсоох шаардлага өгсөн байгаа юм. Товчхондоо, П.Шинжээравдан, Ц.Мөнхбаяр нарын тэмцэгчид Оросын хий хоолой Монголын газар нутгаар дамжина гэхэд эсэргүүцээгүй хэрнэ, Монголын нутгаас байгалийн хий хайхыг эсэргүүцэж байгаа нь олон талын хардлагыг төрүүлж байгаа юм.

 Учир нь Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар наймдугаар сар /2022.08.15/-д хэвлэлд ярилцлага өгөхөө, “Миний хувьд тэмцэгчдийн алинд ч итгэхээ больсон. Улстөрчид эх орончийн дүр эсгэж том төслийг гацаадаг. Тэдгээрээс санхүүждэг бүлэг ч байна. Мэдлэг мэдээлэл дутуу, түүндээ төөрөгддөг хэсэг байна. Бас гаднын байгууллагын санхүүжилттэй хүмүүс бий” гэж мэдэгдсэн. Иймд “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн П.Шинжээравдан хэн нэгний захиалгаар үүнийг эсэргүүцэж байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм.