Гэрээслэл бичин өндрөөс үсэрсэн хүү хар тамхи хэрэглэгч байсан нь тогтоогджээ

Гэрээслэл бичин өндрөөс үсэрсэн хүү хар тамхи хэрэглэгч байсан нь тогтоогджээ

“Чи энэ тоглоомоор тоглох юм бол, тэр чиний бүх зүйлээр инээмсэглэн тоглох болно” гэж оюутан хүү гэрээслэлдээ бичээд өндрөөс үсэрч нас барсан хэрэг гарсан билээ.  Учир нь хүү хар тамхины хэрэглэгч болоод хэдийнэ хоёр жилийн нүүрийг үзчихсэн байж. Хүү энэ байдлаасаа гарч чадахгүй байгаадаа гутарч, амьдралаа төгсгөхөөр шийдсэн нь ар гэр хайрт ээж, эгч, ах нарынхаа нүүрийг харж чадахгүй болсон тухайгаа тэмдэглэн үлдээжээ.

-ЭХЭЛСЭН ГАНЦХАН МӨЧӨӨ Л САНДАГ Ч НЭГ МЭДЭХЭД ҮХЭЛ РҮҮ ИРСЭН БАЙДАГ-

Сүүлийн үед өндрөөс үсэрч амиа хорлох нь идэр залуучуудад ихээхэн гарч байгаад иргэд халаглан суугаа. Амиа хорлож буй иргэд юунаас болж энэхүү замыг сонгож алтан амиа золиослох болов гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгадаг. Өнгөрсөн жил өндрөөс үсэрч амиа алдсан гэх хэрэг олны сэтгэлийг сэртхийлгэн мэдээллэгдэж байсан удаатай. Уг аймшигт хэрэг хар тамхинаас болж залуухан оюутан хүүг амиа хорлохоос өөр замгүй болгосон нь шалгалтаар тогтоогдсон байна.

Өндрөөс үсэрч амиа хорлосон гэх талийгаач хүү гэрээслэл бичиж үлдээсэн байсан. Тэрээр гэрээслэлдээ бичихдээ: Эхний хуудаснуудад “Би энэхүү замыг сонгохоос өөр зүйлгүй болсон. Ямар нэгэн хар зүйлд би хэтэрхий автсанаа мэдэж байгаа ч гарч чадахгүй байна. Би хэтэрхий сул дорой, хэтэрхий хувиа хичээсэн байна.

Би амьдралаа ингэж шинээр эхэлнэ. Хайрт гэр бүлийнхэн анд найзууд минь намайг уучлаарай. Та нар намайг хэзээ ч уучлахгүй байх. Гэхдээ би амьдралд гэрэл гэгээ олж харахгүй байна. Намайг ийм зүйл хийлгэхэд хүргэлээ" гэсэн байсан аж.

-ОЮУТАН ХҮҮ ИХЭНХДЭЭ ГЭРТЭЭ ГАНЦААРАА БАЙДАГ БАЙСАН-

Хэргийг тодруулбал, өнгөрөгч 2018 оны есдүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах ГССҮТ ийн арын байрны гадна талбайд шар цамцтай эрэгтэй хүн нас барсан байдалтай байна гэх иргэдийн мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагааг явуулан шалгасан байдаг.

Уг хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас нарийвчлан шалгахад 1998 онд төрсөн эрэгтэй нэгэн их сургуулийн хоёрдугаар курсын оюутан өндрөөс үсэрч амь насаа алдсан байжээ. Энэ хэргийн талаар Хар тамхитай тэмцэх газраас лавлахад, иймэрхүү хэрэг олон гардаг бөгөөд хар тамхичин хүн амиа хорлох нь цөөнгүй байдаг талаар харамсалтай мэдээллийг өгч байна.

Амь хохирогч нь тус байранд өөрийн төрсөн ахтайгаа байр түрээслэн түр хугацаанд амьдардаг байсан бөгөөд гэрээслэл бичиж үлдээгээд өрөөнийхөө цонхоор үсэрсэн байна. Хүү үсэрхийнхээ өмнө хайрт гэр бүл болон анд найз нөхөддөө хандан олон хуудас тэмдэглэл бүхий гэрээслэл бичсэн байжээ.

Мөн тэрээр хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь шалгалтаар болон шинжилгээний нарийвчилсан хариугаар гарсан байна. Мөн хүүгийн аав салаад өөр амьдрал зохиогоод явсан байсан ба төрсөн ахтайгаа байр түрээслэн амьдардаг байсан ч ихэнхдээ гэртээ ганцаараа байдаг байсан нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон байгаа юм.

Хамгийн харамсалтай нь хоёр жил хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байсанг нь ар гэрийнхэн нь огтоосоо мэдээгүй, халамж анхаарал тавиагүй байгаа юм. Идэр залуу, өсвөр үеийнхэн, сургуулийн сурагчид гэх зэрэг маш олон залуус хар тамхи хэрэглэгч болсоор байхад эцэг эх асран хамгаалагч бид юу хүлээж, хэнд итгэж зүгээр сууна вэ. Өөрөө ч хүсээгүй хар тамхины хэрэглэгч болсон залуус цаашид яах вэ. Хар тамхи гэж чухам юуг хэлж байгааг, ямар хор хөнөөлтэйг мэдсээр байж залуус хэрэглэсээр байгааг албанаас мэдээлж байгаа юм.

Хар тамхитай тэмцэх газраас мэдээлж байгаагаар, хар тамхи хэрэглэдэг залуус олон байгаа. Мөн энэ төрлийн бодис сэтгэл зүйд асар их нөлөөлдөг гэдгийг мэдсээр байж иргэд хэрэглэж байна. Иймд хар тамхи гэх зүйлийг хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэсэн юм.