МБФХ: Фитнесс төвүүдийг хаах шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ мэдэгдэж байна

МБФХ: Фитнесс төвүүдийг хаах шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ мэдэгдэж байна

УОК-оос фитнесс, бассейны үйл ажиллагааг маргаашаас эхлэн 10 хоног хязгаарлах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Монголын бодибилдинг, фитнессийн холбоо уг шийдвэрүүдийг эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.

Тус холбоо цахим хуудастаа “Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын дэгдэлтийн энэ хэцүү цагт Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хүний биeийн дархлааг дэмжих, булчингийн идэвхитэй ажиллагааг дэмжсэн дасгал хөдөлгөөн тогтмол хийх, эрүүл шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байгаа. Гэтэл спортоор хичээллэж дасгал хөдөлгөөн байнга хийж, дархлааг дэмжих байтал харин ч эсрэгээрээ олон удаагийн хаах, хорих үндэслэлгүй шийдвэр бүхэнд эрүүл зөв амьдралын хэв маягыг эрхэмлэгч хүн бүрт энэ нь эрүүл мэндээ хамгаалахад эсрэг үйлдэл болж ирсэн. Энэ байдлыг бид эсэргүүцэж байна.

Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон эрүүл байх, эрүүл мэндээ хамгаалуулах бүрэн эрх зөрчигдсөөр байна. Бид өнөөг хүртэл маш хүлээцтэй, төрийн гаргаж байгаа бүхий л шатны шийдвэрийг даган мөрдөж ирсэн. Одоо энэ ямар ч уялдаа холбоогүй шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.

Цар тахлыг идэвхитэй дасгал хөдөлгөөн, зөв хооллолттой хүн л ялж чадна. Хүний эрүүл байх эрхэд удаа дараа халдсан энэ бодлоггүй шийдвэрээ эргэж харахыг шаардаж байна. Өмнөх халдвар хамгааллын мөрдөгдөж байгаа журмыг ягштал барьж ирснээр спортын заал танхим, фитнeссийн газруудад өнөөдрийг хүртэл өвчлөл тархан гарсан кэйс бүртгэгдээгүй байхад ахин хорих шийдвэр гаргаснаар энэ спортыг, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүргийг нийгмийн өмнө хүлээн ажиллаж байгаа олон газрууд нэг мөсөн үүд хаалгаа барих эрсдэл үүсч байна.

Фитнeссийн заал, үйлчилгээ үзүүлдэг газрууд хөл хорионы явцад заал дүүргэлтийг үндсэндээ 30 хувь дүүргэлттэй байлгаж халдвар хамгааллын дэглэм, бусад журам дүрмээ ягштал мөрдсөөр ирсэн. Энэ салбарт олон хүн ажиллаж амьдарч ар гэрээ зөв зохистой хөдөлмөрөөрөө авч явдаг. Гэтэл одоо эдийн засгийн хувьд ч, ажилчдын цалин орлого гээд ар араасаа асар олон хүнд бэрхшээл гарч байгааг тооцоолж үзэхгүйгээр харалган шийдвэр ахин гаргасанд харамсаж байна.

Уг шийдвэрээ эргэн харна гэдэгт найдаж байна. Үүгээр бид уг амьдралгүй, бодлогогүй шийдвэрийг дагаж мөрдөх боломжгүй болохыг мэдэгдэж байна” гэв. 

 

 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө