ФОТО: ХСҮТ-ийн зүүн жигүүрт байдаг "Мед портал" эмнэлэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийнх үү

ФОТО: ХСҮТ-ийн зүүн жигүүрт байдаг "Мед портал" эмнэлэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийнх үү

-Ж.ЧИНБҮРЭНТЭЙ ХАМТ ХСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Н.ЭРДЭНЭХҮҮ БОЛОН ЗАРИМ ЭМЧ АЖИЛЧДЫГ ШАЛГАЖ БАЙНА- 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг эрүүгийн хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж буй тухай мэдээлэл зарим хэвлэлд нийтлэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, түүнийг Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа тендер будлиантуулсан, санхүүгийн зөрчил гаргасан гэж үзэж ийнхүү шалгаж эхэлсэн гэж буй. 

Түүнтэй хамт Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү, эмч н.Юмчинсүрэн, Ерөнхий нягтлан бодогч н.Дэнсмаа нарыг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тус эмнэлгийн зарим эмч нараас мэдүүлэг, байцаалт авч, мөрдөн шалгах ажлуудыг хийж эхэлсэн байз болзошгүй байна. Түүнчлэн, өмнө нь хэвлэлүүдээр гарч байсан “Санчир ундрах” компанитай холбоотой асуудал ч шалгагдаж байгаа гэж байна.

Ж.Чинбүрэн нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч одоо ч тус эмнэлгийн үйл ажиллагаанд оролцдог өөрийн дотны найз Н.Эрдэнэхүүг даргаар томилчхоод хамаг ажлаа амжуулдаг тухай хэл ам одоог хүртэл тасрахгүй байгаа юм. Дурдвал, Хавдар судлалын үндэсний төвийн ТУЗ-ийг байгуулж, түүндээ өөрийн хүмүүсийг оруулахаар “ажиллаж” байгаа.

Хавдар судлалын зүүн жигүүр

Мөн Ж.Чинбүрэн өөрийн хувийн эмнэлэг болох “Медпортал” эмнэлгээ тус эмнэлгийн зүүн жигүүрт байрлуулсан.

Тэгээд  гэрээ хийлгэн ашигтай ажилласан тохиолдолд эхний жилдээ ашгийнхаа 10 хувийг, хоёр дахь жилдээ 20 хувь, гурав дахь жилдээ 30 хувийг өгөх гэрээ хийсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тайлан нь алдагдалтай гарсаар байгаа. Бас хувийнхаа ангиографи аппаратыг ХСҮТ-ийн ангиографийн хажууд давхар байрлуулж, үзлэг хийдэг. Үүнээс гадна Ж.Чинбүрэнгийн жолооч Я-ы нэр дээрх компани эмнэлгийн засвар, аж ахуйн ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Жолооч Я-ы эхнэр Э нь саяхан ХСҮТ-ийн Аж ахуйн албаны даргаар томилогдсон гэжээ. Өөрийн жолоочийн нэр дээр компани байгуулаад ХСҮТ-ийн засварын ажлыг амжуулдаг байж болзошгүй гэх хардлага зарим хүмүүст байгаа аж. 

Зарим эх сурвалж мөн Ж.Чинбүрэнг өөрийн найз Н.Эрдэнэхүүтэй хамтран тус эмнэлгийг байгуулсан гэж буй. Тиймээс Н.Эрдэнэхүү нь эмч ажилчдадаа өвчтөнүүдийг Мед портал руу явуул гэсэн үүрэг даалгаврыг өгдөг гэх мэдээлэл бий. Мед портал эмнэлэгт хавдар судлалтай адил компьютер томографи байдаг бөгөөд түүнийгээ шинэ технологи нэвтэрсэн гэж хэлж байгаарай хэмээн захьдаг гэж зарим хэвлэлд бичжээ. 

-УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН МЕД ПОРТАЛ ЭМНЭЛГЭЭ ӨӨРӨӨСӨӨ ХОЛДУУЛЖ НУУСАН УУ-

Ж.Чинбүрэн нь мөн эхнэрийнхээ ах болох Ц.Балтсүхийн эхнэр н.Дэнсмааг ХСҮТ-д нягтлангаар ажилд авч, өөрийн жолооч болох Ягааны эхнэр н.Энхсаруулыг аж ахуйн албаны даргаар томилсон гэж буй. Улсын эмнэлэг дотор хувийн эмнэлгээ байгуулж ашиг олж буй нь УИХ-ын гишүүний ёс зүйд хэр нийцэх вэ цаашлаад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа юу, ашиг сонирхлын зөрчил үүссэн үү гэх мэт асуулт бий. Ямартай ч өвчтэй хүмүүс эмнэлгийн үйлчилгээг үнэ тохирохгүй хэлсэн үнээр оношлуулж эмчлүүлдэг. Гэтэл өвчиндрөө шаналж яваа иргэдээс ийм замаар мөнгө салгах нь хэр зохистой вэ. 

Бид мэдээллийн дагуу ХСҮТ-д очиж Мед портал эмнэлгийн зургийг авсныг уншигчдад хүргэж байна. Тус эмнэлэг нь томографи болон хэт авиан оношилгоог хийдэг бөгөөд ХСҮТ-ийн зүүн жигүүрийн хоёр давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Бүртгэл.мн хаягаас хайхад тус эмнэлэг нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн нэр дээр бус өөр иргэний нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Үүнээс үзвэл Ж.Чинбүрэн гишүүн уг эмнэлгээ бусдын нэр дээр байгуулж өөрөөсөө холдуулсан байж болзошгүй байна.