Ялтан Г “дүүтэй багаасаа муу харилцаатай байсан. Түүнийг өмөөрч аав, ээж намайг зоддог байсан” гэж мэдүүлж

Ялтан Г “дүүтэй багаасаа муу харилцаатай байсан. Түүнийг өмөөрч аав, ээж намайг зоддог байсан” гэж мэдүүлж

Өнгөрөгч 2020 оны арваннэгдүгээр сард 16 настай охиныг төрсөн ах болох 19 настай Г амь насыг нь  хөнөөгөөд мөчилж шуудайнд хийж хаясан онц ноцтой хэрэг гарч олныг цочирдуулаад байв. Уг хэргийн талаар олон эх сурвалжууд мэдээлэл хүргэж байсан ч иргэдийг төөрөгдүүлж болзошгүй худал мэдээлэл ч хажуугаар нь явж байсан.

Тэгвэл уг хэрэг энэ оны тавдугаар сард /2021.05.18/ анхан шатны шүүхээр шийдэгдэж хохирогчийн төрсөн ах 19 настай Г-г гэм буруутайд тооцон  ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял оноосон байна. Иймд бид иргэдийг өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах үүндээс тус мэдээллийг бэлтгэлээ.

-ЯЛТАН Г ЭЭЖ БОЛОН ХОХИРОГЧ ДҮҮГИЙН ХАМТ АМЬДАРДАГ БАЙЖЭЭ-

Уг хэргийн талаар эргэн санавал, өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хохирогч иргэн Г 16 настай эмэгтэй гэрээсээ гаран эргэж ирээгүй хэмээн фейсбүүк сошиал орчинд ихээхэн түгж охиныг хайх ажиллагаанд ар гэр болон цагдаагийн алба хаагчид эрлийн багийг гарган хайж байсан. Тухайн үед охиныг хайж байх явцад улсын хэмжээнд цар тахлын улмаас хөл хорио тогтоон хохирогчийн гэр бүлийнхэн охиныг эрэн хайх боломж дутмаг байсан тул  цагдаа нарт найдсаар хүлээн суухаас өөр зүйл хийж чадахгүйд хүрч байжээ.

Гэтэл алга болсноос 20 хоногийн дараа /2020.11.23/ цагдаагийн 102 гэсэн тусгай дугаарт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Энд нэг ууттай юм байна. Өмхийрсөн, муухай үнэртэй зүйл байна. Хүний цус болсон хувцаснууд байна” гэсэн дуудлага иржээ. Ингээд цагдаагийн бие бүрэлдэхүүн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо , Бэлхийн … дугаар гудамжинд байрлах дутуу баригдсан байшингийн гадна талд болон мөн дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын балгас дунд цагаан шуудай бүхий нийт дөрвөн хэсэг зүйл байсныг олжээ. Ингэснээр тус хэрэг илэрсэн байна.  

Гэмт хэрэгтэн 19 настай Г Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн байранд ээж болон хохирогч охин дүүгийн хамт гурвуулаа амьдардаг байжээ. Тэд дээрээ хоёр ахтай. Аав ах нар нь тусдаа амьдардаг бөгөөд хэрэг болсон болсон өдрүүдэд ээж нь гэртээ ирсэн ч ямар нэг сэжиг авалгүй охиноо алга болсон хэмээн цагдаад мэдэгдэж, гэмт хэрэгтэн Г-ийн хамт явж охины байж болох бүх газруудаар хайсан ч ямар нэг ул мөр олдоогүй гэдэг. Тэрээр “тухайн өдрүүдэд гэрээс нь муухай үнэр үнэртэж байна хэмээн цонхоо л нээж байсан” гэж хуулийн байгууллагад мэдүүлсэн гэж зарим эх сурвалж мэдээлсэн байдаг.

-ДҮҮТЭЙГЭЭ ШИРҮҮН МАРГАЖ, УЛМААР БООЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ-

Хэргийн тухайд, тэрээр хэрэг болохын өмнөх өдөр /2020.11.02/ хохирогч төрсөн дүү болох 16 настай эмэгтэйтэй ширүүн маргаж улмаар маргааш /2020.11.03/ өдөр түүнийг гэрээс гарах гэж байхад нь араас нь хоолойг нь боож амь насыг нь хохироож, үүний дараагаар цогцсыг мөчлөн гэртээ нууж, 2020 оны арваннэгдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд цогцос олдсон гэх балгас дунд  зөөвөрлөн хаясан байжээ.

Цогцсыг олсон гэрч тухайн өдөр /2020.11.23/ гэртээ ганцаараа сууж байтал гадаа нохой нь урд зүг рүү хараад хуцаад байхаар нь нохой хуцаж байсан зүг рүү очиж хартал цаана нь олон нохойнууд цугларсан, бөөгнөрсөн байдалтай байсан ба балгасан байшингийн баруун талд 2 ширхэг цагаан өнгийн хэд хэдэн ууттай зүйл байхыг харсан байна. Ингээд очиж үзтэл уутанд нь цус болсон хувцаснууд байжээ. Иймд тэрээр цагдаагийн 102 гэсэн тусгай дугаарт залгаж дуудлагыг өгч байжээ. Ингээд шүүх эмнэлгийн дүгнэлтээр, талийгаач нь ам, хамар, хүзүү, хоолой гаднаас дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтэнд орж нас барсан бөгөөд хурууны хээгээс хайж үзвэл гэмт хэрэгтэн төрсөн ах Г-ийн үүсгэгдсэн мөр байна” гэж дүгнэжээ.

-ЯЛТАН Г: ЭЦЭГ, ЭХ, АХ НАР ДҮҮГ ӨМӨӨРЧ НАМАЙГ ЗОДДОГ БАЙСАН-

Харин хуулийн байгууллагад өгсөн тайлбартаа, тэдний төрсөн аав, “Манай хүүгийн зан аашны хувьд үг дуу цөөтэй хэр нь их шартай, аливаа хүнтэй эвээр ярьж чаддаггүй, жаахан түрэмгий зантай. Тэд бага байхын хоорондоо таардаггүй байсан. Г дүүгээ буруутгаад маргалдаж, хэрэлддэг, хааяа зодчихдог. Тэгээд би эмэгтэй хүүхэд зодлоо гээд би бас Г-д гар хүрч байсан. Хэдийгээр хоорондоо харилцаа муутай байсан ч ингэж ах нь дүүгийнхээ амь насыг хөнөөнө гэж төсөөлж байсангүй” гэсэн талаар эх сурвалжуудад мэдээлжээ.

Харин ялтан Г өгсөн мэдүүлэгтээ, “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэр бүлийн дотоод харилцаанаас хамаараад талийгаач дүүтэйгээ багаасаа л муу харилцаатай байдаг байсан. Манай дүүг ээж, аав, ах нар өмөөрөөд намайг байнга зоддог байсан. Бид багаасаа таарамжгүй харилцаатай байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэсэн утгатай мэдүүлэг өгчээ.

Харин шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд гэмт хэрэгтэн Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл байхгүй гэж дүгнэсэн тул шүүхээс гэмт хэрэгтэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заалтад зааснаар бүх насаар нь хорих ял оноосон байна.

Иймд ард иргэд та бүхэн гэр бүлийн маргаан гарах нөхцөлийг үүсгэхгүй байх тал дээр сайтар анхаарч, хүүхдүүдийг хооронд нь харьцуулж жишиж ярих болон багаас нь хүүхдийн занд нөлөөлөх хор шар суулгах сэдэл өгөх зэрэг үйлдлүүдийг хийхгүй байхыг анхааруулж тус мэдээллийг бэлтгэлээ.