СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий аймагт хоёр настай хүүхэд тогонд цохиулж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий аймагт хоёр настай хүүхэд тогонд цохиулж амиа алджээ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хоёр настай хүү цахилгаанд цохиулж нас барсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, энэ сарын 18-ны өдрийн 14.30 цагт “Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хүүхэд нас барсан байдалтай хүргэгдэж ирсэн” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад хүүгийн гар, хөлөнд цус хуралттай өөр ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна.

Задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр цахилгаанд цохиулсан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа аж. Хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Бид уг мэдээллийг эцэг, эхчүүдийг сэрэмжтэй байж хүүхэддээ тавих анхаарлаа сулруулахгүй байхыг анхааруулах үүднээс хүргэж байна. Зун болж хүүхэд дугуйтай явж байгаад осолд орох, гадаа тоглож байгаад гэмтэж бэртэх,  гол усанд живэх, хорхой шавьжинд хатгуулах, төөрч алга болох гэх мэт хэрэг ихсэж улмаар амь насаа алдсаар байна. Тиймээс насанд хүрэгчид анхаарал, сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхихгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.