УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт иж бүрэн засвар хийжээ

УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт иж бүрэн засвар хийжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг иж бүрэн засвар хийж, орныхоо тоог нэмэгдүүлжээ. Тодруулбал, дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр сольж, цахилгааны угсралтаас эхлээд барилгын засал, тохижилт, тасгийн тавилга хэрэгслийг бүрэн шинэчилсэн байна.

Эрчим эмчилгээний тасаг есөн ортой ажиллаж байсан бол засвар шинэчлэл хийснээр орныхоо тоог 12 болгон нэмэгдүүллээ. Тус тасаг одоо долоон эмч, 21 сувилагч, дөрвөн туслах сувилагч, дөрвөн асрагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Засварын ажлыг хоёр сарын хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд Эрүүл мэндийн яам, тус эмнэлгийн захиргаанаас гадна “Жаргалан дулаан”, “Алтан хийц” ХХК-иуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн хөрөнгөөр томоохон ажлуудыг хариуцан гүйцэтгэсэн байна.

Дашрамд дуулгахад, тус тасаг нь анх 1977 онд нээгдсэнээс хойш хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх нарийн мэргэжлийн тусламж тасралтгүй үзүүлж ирсэн бөгөөд 2007 оноос хойш бүрэн хэмжээний засвар үйлчилгээ хийгээгүй байжээ.