ИЗРАИЛД байгаа Г.БАТЗОРИГ: Хэзээ бөмбөгдөж, аюулын дохио дуугарахыг мэдэхгүй, үнэхээр түгшүүртэй байна

ИЗРАИЛД байгаа Г.БАТЗОРИГ: Хэзээ бөмбөгдөж, аюулын дохио дуугарахыг мэдэхгүй, үнэхээр түгшүүртэй байна

Газын зурвас дахь Израилийн арми болон Палестины Хамас зэвсэгт бүлэглэлийн хооронд өрнөж буй мөргөлдөөн улам хурцдаж, сүүлийн долоо хоног олон улсын анхаарлын төвд ороод байна.

Талуудын хооронд өрнөж буй агаарын тулааны улмаас Газын зурваст 200 орчим хүн алагдаж, энгийн иргэд ч амь үрэгдээд буй. Гадаад харилцааны яамны мэдээлснээр Израилд улсад манай улсын 50-60 иргэн оршин суудаг бөгөөд дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан бид Израилд оршин суугаа Монголын иргэнтэй холбогдож, нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлаа.

ВИДЕО ҮЗЭХ: 

-АРД ИРГЭД НЬ МАШ ИТГЭЛТЭЙГЭЭР “БИД ЯЛНА. БИДЭНД ХҮЧТЭЙ АРМИ БИЙ” ГЭЖ ХЭЛЖ БАЙНА-

-Сайн байна уу. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Израилд очоод хэр удаж байна?

-Сайн. Сайн байна уу. Намайг Г.Батзориг гэдэг. Би 22 настай. Израилд ирээд бараг хоёр жил болох гэж байна. Энд барилгын ажил хийдэг. Пуужингийн дайралтын улмаас ажил маань түр хугацаагаар зогсчихсон байгаа.

-Та Израилийн аль хотод амьдарч байна вэ. Таны байгаа хотод нөхцөл байдал хэр байна? 

-Би Израилийн Тел-Авив хотод амьдарч байна. Нөхцөл байдлын тухайд хүнд байгаа. Хэзээ бөмбөгдөх, хэзээ аюулын дохио дуугарахыг мэдэхгүй, үнэхээр түгшүүртэй байна. Хөл хөдөлгөөн илт багассан. Уржигдар хэд хэдэн хотуудыг бөмбөгдөж, нэлээдгүй түгшүүртэй хоносон болохоор бараг унтаж чадаагүй. Израилчууд Цагаан идээний баяраа тэмдэглэж эхэлсэн болохоор өнөөдөр байдал харьцангуй тайван байна.

-Газын зурваст хоёр талын мөргөлдөөн өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагаас эрчимжсэн шүү дээ. Таны байгаа хот мөргөлдөөний гол цэгээс хэр хол байдаг вэ?

-Тел-Авив Израилийн Газар дундын тэнгисийн эрэг дээр байрладаг. 51.8 квадрат километр газар нутагтай. Газын зурвасаас 92 км зайтай болохоор пуужингийн дайралтад өртөх нь харьцангуй бага байна. Харин Газын зурвасын ойр орчмын хотууд нэлээдгүй хохирол амсаж байгаа. Израилийн нийслэл Иерусалимд амьдарч, ажилладаг арабууд их дарамтад байдаг. Иерусалимын Палестин дүүргээс арабуудыг албадан нүүлгэж, жүүд иргэдийг суурьшуулах болсноос зэвсэгт мөргөлдөөн илүү эрчимжсэн. Хэд хоногийн өмнө  Израилийн засгийн газар Палестины захиргаанд байдаг Газын зурваст явган цэрэг оруулах шийдвэр гаргасан. Ер нь Араб-Израилийн зөрчил мөргөлдөөн сүүлийн 20 жилийн хугацаанд байгаагүй хэмжээнд хүрч өргөжиж байна гэж ард иргэд нь ярьж байгаа.

-Израилчууд өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна?

-Ер нь ард иргэд нь байнгын бэлэн байдалд байна. Израилд төмөр дээвэр гэдэг систем байдаг. Бүхэлдээ хоргодох байр болж хувирч чадахуйц маш сайн зохион байгуулалттай. Бараг байр болгон дотроо хоргодох байртай байдаг. Пуужин ирэхээс нэг минутын өмнө түгшүүр дуугарч, хүмүүс хоргодох байрууд руу гүйлддэг. Түгшүүрийн дохиог тусгай аппликейшны тусламжтайгаар ард иргэддээ шуурхай хүргэдэг. Сүүлийн хэдэн хоног түгшүүр байнга дуугарч байгаа.

-Ард иргэд нь армидаа хэр итгэлтэй байна?

-Израилийн арми маш хүчтэй. Ард иргэд нь маш итгэлтэй “бид ялна, биднийг хамгаалах сайн арми байгаа” гэж дуугарахыг олон хүний амнаас сонссон. Израилийн тагнуул, цэргийн дотоод зохион байгуулалт өндөр хүмүүсийн армидаа итгэх итгэл үнэмшил үнэхээр гайхмаар  санагдсан. Саяхан Израилийн Гадаад хэргийн яамнаас “Газын зурваст байрладаг Хамас бүлэглэлийн цэргийн дэд бүтцэд хамгийн их хэмжээгээр хохирол учруулж болох зорилтыг тавьсан. Энэ зорилтоо биелүүлэхийн тулд манай арми боломжтой бүхнийг хийнэ. Үүний тулд бүх хувилбарыг боловсруулж байна” гэж мэдэгдэж байсан. . Юм ойлгохгүй гадаадын иргэдэд хүртэл аль тал нь хүчтэй зэвсэгтэй байгааг ойлгуулж харуулж чадаж байна. Намайг байнга тайвшруулж “манай арми маш хүчтэй айх юм байхгүй” гэж хэлж байгаа.

-НӨХЦӨЛ БАЙДАЛ НАМЖТАЛ АМЬД, МЭНД БАЙХ НЬ Л ЧУХАЛ ГЭЖ ХАРЖ БАЙНА-

-Хүмүүсийн сэтгэлзүй ямар байна. Түгшүүр дуугарахад айж сандарч байна уу? 

-Эр, эмгүй цэргийн алба хаадаг болохоор айж сандрах нь бага юм шиг санагдсан. Хүмүүс нь янз янзаар хүлээж авч байна. Айж, сандардаг хүмүүс ч бий. Гэхдээ ихэнх нь тоодоггүй. Нэг өдөр гадуур явж байтал түгшүүр дуугарсан. Түгшүүр дуугарахаар гараараа толгойгоо салаавчлаад газар хэвтчихдэг. Машинтай явж байгаа хүмүүс буугаад аль болох том зүйлийн араар орж нуугддаг. Ер нь нуугдаж болох бүхий л газруудаар нуугддаг. 

-Израилд анх очиход ямар сэтгэгдэл төрж байв. Одоогийн нөхцөл байдлаас тэс өөр орчин угтаж авсан байх?

-Тэгэлгүй яахав. Ийм зүйл болно гэж хэн ч төсөөлөхгүй шүү дээ. Тел-Авив бол 450 мянга гаруй хүн амтай,  Израилийн хоёр дахь том хот. Эдийн засаг, технологийн төв нь ч гэж нэрлэгддэг. Анх ирэхэд маш халуун, бүгчим уур амьсгалтай санагдаж байсан. Тухайн үед коронавирус, дайн байлдаан ч байгаагүй амар, тайван хөгжингүй улс санагдаж байлаа. Израилчууд ер нь нэг хэвийн амьдралтай улс. Маш эртэч. Ажлын цаг нь зуны улиралд өглөө 06.00-аас, борооны улиралд 07.00 цагаас эхэлдэг. Өртөг өндөр. Тэр хэмжээгээрээ цалин сайтай. Худалдаа, арилжаа хөгжсөн, хүн хөл ихтэй хот санагдаж байсан. Мөн Тел-Авив хотод 30 мянга гаруй оюутантай, тус улсын хамгийн том их сургууль болох Тел-Авивын их сургууль байрладаг. Жуулчин ч маш их ирдэг.

-Түгшүүрийн дохио ихэвчлэн хэдэн цагийн үед дуугарч байна. Ер нь өдрийн цагаар дайралт ирж байна уу.

-Ихэвчлэн оройн 20.00 цагаас хойш дайралт хийдэг. Ганц, хоёр удаа өдрийн цагаар дуугарсан.

-Хоёр талын мөргөлдөөн эхлэхээс өмнө түгшүүрийн дохио дуугарч байсан удаа бий юу? 

-Дуугарна. Гэхдээ хааяа нэг Еврейчүүдийн мөргөлийн цаг болохоор дуугардаг. Харин байлдааных биш.

-Пуужингийн дайралт эхэлсний дараа нийгэм эдийн засгийн байдал нь яаж өөрчлөгдөж байна?

-Худалдаа, арилжааны газрууд нь арай богино цагаар ажиллах болсон. Үйлчилгээний газрууд нь өдрийн 15.00 цаг гээд хааж байна. Ердийн үед орой 19.00-20.00 цаг хүртэл ажилладаг. Бусад салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

-Израилд ковидын нөхцөл байдал хэр байна вэ. Дархлаажуулалтын хөтөлбөрөө маш амжилттай хэрэгжүүлсэн орон шүү дээ. Та вакцин хийлгэсэн үү?

-Миний хувьд вакцинаа хийлгэж амжаагүй л явна. Гэхдээ ковидын нөхцөл байдал тогтворжиж, өдөрт илрэх халдварын тоо ч маш бага хэмжээнд хүрсэн. Ер нь Израил коронавирусийн тархалтыг “бариад” авчихсан. Иргэд нь гадуур явахдаа амны хаалт бараг зүүхгүй байгаа. Харин томоохон дэлгүүр, олон хүнтэй газар орохоороо зүүдэг. Бусад салбарын үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа.

-Монгол руу ирэх хүсэлт гаргасан уу. Израилд байгаа Монголчуудтай хэр холбоотой байна?

-Миний хувьд хараахан өгөөгүй байна. Нөхцөл байдал намжина гэсэн итгэл үнэмшилтэйгээр харзнаж байна. Гэхдээ Монголд байгаа зарим хүн учир байдлыг сайн ойлгохгүй байгаа юм шиг санагдсан. Шууд л автобусанд суугаад харьчих юм шиг бодож байна. Онгоцны буудал пуужингийн довтолгоонд өртсөн. Мөн агаарт нисэж байхад пуужингийн довтолгоон ирэх магадлал маш өндөр. Пуужингийн дайралт эхэлсэн хоёр дахь өдөр Украинаас ирсэн онгоц бууж чадахгүй байсан. Мөн ковид гээд УОК-руу эхлээд өргөдөл гаргах гэх мэт асуудал их. Хүсэлт өглөө ч онгоц хэзээ ирэх нь тодорхойгүй. Тэгэхээр нөхцөл байдал намжтал амьд мэнд байх нь л чухал гэж харж байна. Израилд 50 гаруй Монгол иргэн байдаг гэж сонссон. Миний хувьд ганц, хоёр хүнтэй л холбоотой байдаг. Тэд маань ч амаргүй, айдастай нөхцөл байдалд амьдарч байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө