ФОТО: 9,9 тэрбум төгрөгийн өртөгтэй "Налайхын дугуйн зам" НЭГ ЖИЛ ч бололгүй эвдэрч эхэлжээ 

ФОТО: 9,9 тэрбум төгрөгийн өртөгтэй "Налайхын дугуйн зам" НЭГ ЖИЛ ч бололгүй эвдэрч эхэлжээ 

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөний хүрээнд 2020 оны дундаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг гачууртын уулзвар орчмоос Налайх хүртэл байршилд 20,9 км дугуйн замын төсөл билээ.

Энэхүү төсөл нь нийслэлчүүдийн агаарын бохирдол, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих чухал ач холбогдолтой байсан бөгөөд одоогоор нийт ажлын 85 хувьтай явж байгааг Авто замын хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл мэдэгдсэн. Мөн энэ төслийн хүрээнд нийт 9,9 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд хариуцагч компаниар “Драгон бридж” компани ажиллаж байгаа аж.

Налайхын дугуйн зам

-ӨМНӨХ НЬ ДУУСААГҮЙ БАЙТАЛ ДУГУЙН ЗАМ ЭХНЭЭСЭЭ ЭВДЭРЧ ЭХЭЛЖЭЭ-

Налайхын авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны намар дуусгасан. Уг зам нь зураг төслийн дагуу дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлэгтэй байх ёстой. Энэ дагуу автозамын барилгын дараа дугуйн замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн ч бүтэн нэг жилийн хугацаанд олигтой урагшилсан шинжгүй байгааг энүүгээр явах иргэд мэднэ.

Яг өнөөдрийн байдлаар дугуйн зам зарим хэсэгтээ тасарснаас гадна яг нэг чиг шугамнаас хальж муруй, тахир харагдах аж. Цаашилбал харагдах байдлаас дүгнэхэд овон товон ихтэй, жигд бус, далий, хагарч бутарсан, зориулалтын хашлага нь стандартын бус, эхнээсээ тахийсан байдалтай байгааг зураг дээрээс харж болно. 

Гэтэл тус зам нь бүрэн ашиглалтад орж, хүлээлгэж өгөөгүй байгаа нь энэ. Ашиглаж ч эхлээгүй зам ийм байдалтай байх нь чанар, стандартад эргэлзээ төрүүлэхэд хүргэж байгаа юм. 

Дугуйн замын зарим стандартад  

  • Хайс, хашлага, хаших, чиглүүлэх хэрэгсэл нь материалын чанарын шаардлага хангаж байгаа эсэх
  • Авто зам болон явган хүний замын зорчих хэсэгт байрлах унадаг дугуйн эгнээг стандартын дагуу будсан эсэх
  • Унадаг дугуйн замын хучилт чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэх ордог байна.

Харин энэхүү дугуйн зам нь стандартын дагуу хийж байгаа юу, холбогдох газраас хяналт тавьж байгаа  юу гэдэг нь анхаарал татаж байна.